Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар Хан-Уул дүүрэг, Яармагийн дэнжид ажиллалаа

ikon.mn
2021 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн дэнжид ажиллалаа. 

Хотын дарга гол гудамж замын өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос 70.26 км замын төлөвлөлт болон гүүрэн байгууламж, нүхэн гарцуудын талаар танилцуулсан юм. Тэрбээр “Эдгээр төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна. Зураг төсөл болон барилгын компаниудтай уулзахад үндэсний бүтээн байгуулалтад том компаниуд нь манлайлан, жижгүүд нь нэгдэж ороход бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэдгийг хэллээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан "Хан-Уул дүүрэгт жилд 10-20 мянган айл нэмэгддэг учраас сургууль, цэцэрлэгийн асуудал байнга тулгамддаг тул анхаарал хандуулж өгнө үү. Мөн дүүргийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 10 орон сууц байдаг. Эдгээрт 25 удаа тендер зарласан ч компаниуд сонирхдоггүй, өнөө маргаашгүй нурахад хүрээд байгаа. Үүнээс гадна дүүрэгт хамгийн тулгамдсан асуудал нь Туул гол дагуу 30 гаруй байгууллага хайрга, дайрга олборлодог явдал. Гэтэл Туул голоос нийслэлийн иргэдийн 95.7 хувь, таван аймгийн 37 сумын иргэд ундаалдаг учраас цаашид ундны усны аюулгүй байдалд нөлөөлөхөд хүрээд байна” хэмээн анхаарч өгөхийг хүслээ.

 

Ерөнхий сайд Хотын даргыг пүрэв гарагийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулж, “Төр зөвшөөрөл олгосон учраас эдгээр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс Ажлын хэсэг байгуулж, нэг шийдэлд хүрэх хэрэгтэй” гэсэн юм. Мөн дараагийн тулгамдсан асуудал нь арьс, ширний үйлдвэрүүдэд үйлчилгээ үзүүлдэг “Харгиа” цэвэрлэх байгууламж орон сууцны хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад нөлөөлж байгааг дүүргээс сонгогдсон гишүүд онцолж байлаа. Иргэд ч мөн энэ үеэр сургууль, цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байгааг хэлэв.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Яармагийн замын ачааллыг 20 гаруй хувиар бууруулна. Уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхгүй бол ачаалал нэмэгдэж байна. Ботаникийн цэцэрлэгээс Моносын уулзвар хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр метро явахаар төлөвлөж байгаа. Нийт 17 км замын 10 км нь газар доогуур, хоёр талдаа тус бүр 3.5 км ил явна. Долоон буудлаас Чингисийн өргөн чөлөөгөөр уруудаад, Энхтайваны гүүр даваад Буянт-Ухаа хүртэл 30 км орчим хөнгөн галт тэрэг буюу LRT явахаар төлөвлөсөн” гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төлөвлөж байгаа бүгдийг дэмжье. Үр дүн чухал. Тооцоо, судалгааг сайн хийж, гаднын мэргэжилтэнтэй хамтран ажиллаарай. Газар чөлөөлөлт болон бусад зүйлээ төлөвлөж, сайн тооцоорой” гэсэн юм. Ийн ТЭЗҮ болон тооцоо, судалгааг зургаадугаар сарын 19-нд танилцуулахаар боллоо.

"Харгиа" цэвэрлэх байгууламж, цэцэрлэг, Туул голыг дагасан кареер зэрэг асуудлыг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэнэ

Өглөө 8 цагт ХУД-т тулгамдаж буй асуудалтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь танилцлаа. Түгжрэл, дахин төлөвлөлт, "Харгиа" цэвэрлэх байгууламж, цэцэрлэг, сургууль,Туул голыг дагасан кареер зэрэг асуудал манайд бий. Энэ 7 хоногоос эдгээр асуудлын шийдлийн талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Засгийн газар, нийслэлийн асуудал уялдаа тааруу явж ирсэн. Засаг, нийслэлийн асуудал тусдаа байж таарахгүй л дээ. Нэгдмэл нэг бодлогоор нийслэлээ хөгжүүлэхээр ЗАСАГ шийджээ. Асуудлыг албан тушаалтны амаар бус өөрийн биеэр танилцаж шийдвэрлэхийн ач холбогдол асар их.

 

Эх сурвалж: ХУД-ын ИТХ