Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өрсөлдөгч нь парламентын ордныг цоожилсон тул Самоа улсын анхны эмэгтэй ерөнхий сайд асарт тангараг өргөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Самоа улсын анхны эмэгтэй ерөнхий сайд Фиаме Наоми Матаафа

Номхон далайн 197,000 орчим хүн амтай бяцхан арал улс Самоа анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болжээ.

Даваа гарагт шинэ ерөнхий сайд Фиаме Наоми Матаафа тангаргаа өргөхөөр иртэл өмнөх ерөнхий сайд парламентын ордныг дотроос нь цоожлоод оруулаагүй байна.

Тиймээс тангараг өргөх ёслолыг ордны гаднах цэцэрлэгийн асарт зохион байгуулжээ.

 

Ордноо цоожилсон өмнөх засгийн газрын тэргүүн Тулепа Сайлеле Малелегаой нь 22 жил ерөнхий сайдын албыг хашиж байгаа бөгөөд ажилласан хугацаагаараа дэлхийд хоёрт бичигддэг.

 
Самоа улсын хуучин ерөнхий сайд Тулепа Сайлеле Малелегаой

Өнгөрсөн сард болсон сонгуулиар түүний Хүний Эрхийн Төлөө Нам 40 жил засгийн эрх барьсны эцэст анх удаа ялагдал хүлээсэн байна. Эрх баригч, сөрөг хүчний хоёр нам парламентад адилхан тус бүр 25 суудалтай болж, нэг бие даагч сөрөг хүчний талд орсноор хатагтай Матаафа засгийн газраа байгуулах эрхтэй болсон юм.

Гэвч эрх баригч нам сөрөг хүчнээ засгийн газар байгуулах хангалттай суудал аваагүй гэж эсэргүүцээд дахин сонгууль явуулахыг шаардсан байна.

Самоа улсын дээд шүүх дахин сонгууль явуулах шаардлагагүй, сөрөг хүчин засгийн газраа байгуулах эрхтэй гэж шийдсэн ч өмнөх ерөнхий сайд нь ийнхүү суудлаасаа зууралдсаар байна.

64 настай хатагтай Матаафа нь Номхон далайн Полинезийн арал улсуудын дотроос төрсөн хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд юм.

 

Эх сурвалж: BBC