Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Онгоц барьцаалсан Беларусь улсын эсрэг хориг арга хэмжээ авахаар Европын Холбооны удирдагчид тохиролцжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Беларусийн эрх баригчид нутаг дээгүүрээ нисэж явсан RyanAir компанийн нисэх онгоцыг Минск хотод албадан буулгаж, тус онгоцоор зорчиж явсан сэтгүүлчийг баривчилсан билээ.

Грекийн нийслэл Афинаас Литвийн нийслэл Вильнюсийн чиглэлд нисэж явсан уг онгоцонд Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн гол шүүмжлэгчдийн нэг, сэтгүүлч Роман Протасевич зорчиж байжээ.

Тэрбээр эх орондоо мөрдлөг хавчлагаас зугтаж, Вильнюс хотод цагаачлан амьдарч байсан юм.

Тэгвэл Даваа гарагт Европын Холбооны бүх 27 гишүүн орны удирдагчид Беларусийн засгийн газрын эсрэг хориг арга хэмжээ авахаар санал нэгдсэн байна.

Онгоцыг албадан буулгах ажиллагаанд оролцсон бүх албан тушаалтнууд Европын Холбооноос зарласан хоригоор шийтгүүлэх юм.

Хоригийн хүрээнд бас RyanAir-ийн онгоцыг барьцаалсан явдлыг “төрийн оролцоотой терроризм” гэж үзээд Европын бүх агаарын тээврийн компаниудад Беларусийн агаарын орон зайгаар дамжиж нислэг үйлдэхийг хориглохоор болсон байна.

Мөн сэтгүүлч Роман Протасевичийг даруй суллахыг Беларусийн эрх баригчдаас шаарджээ.

Үүнээс гадна олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага болох ICAO-д хандаж, онгоцыг албадан буулгасан хэргийг мөрдөн шалгахыг уриалсан байна.

RyanAir компанийн мэдээлснээр онгоцыг нь Беларусийн нутаг дэвсгэр дээгүүр нисэж явах үед Беларусийн нислэгийг хянах төвөөс ачаанд нь тэсрэх бөмбөг байж болзошгүй тул ойролцоо нисэх буудалд яаралтай ослын буулт хийх хэрэгтэйг анхааруулсан байна.

Ингээд Беларусийн армийн МиГ-29 сөнөөгч онгоц RyanAir-ийн онгоцыг дагаж, Минск хотын нисэх буудалд газардуулжээ.

Гэвч тэсрэх бөмбөг байж болзошгүй гэсэн мэдээлэл нь худлаа болж, 26 настай Роман Протасевичийг онгоцноос баривчлан буулгасан байна.

Үүний дараа RyanAir компанийн FR4978 дугаартай нислэг цааш үргэлжилж, Вильнюст анх төлөвлөсөн хугацаанаасаа олон цагаар хоцорч газарджээ.

RyanAir нь Европын Холбооны гишүүн Ирланд улсын компани бөгөөд нислэг хөөрсөн, буусан Грек, Литва улсууд нь мөн л тус холбооны гишүүн орнууд юм. Тиймээс Брюсселийн эрх баригчид уг хэрэгт онцгой анхаарал хандуулж, хатуу хориг арга хэмжээ авахаар санал нэгджээ.

 

Эх сурвалж: Reuters