Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголын хөрөнгийн зах зээлд байгаль орчин, нийгэм, засаглалын тайлагналын стандартыг нэвтрүүлэх нь” цахим вебинар боллоо

ikon.mn
2021 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

“Монголын хөрөнгийн зах зээлд байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлагналын стандартыг нэвтрүүлэх нь” сэдэвт цахим вебинар энэ сарын 20-нд боллоо.

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Тогтвортой байдлын санхүүгийн төвүүдийн сүлжээ, Олон улсын санхүүгийн корпораци, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан энэхүү вебинарт Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд, үнэт цаас гаргахаар төлөвлөж буй байгууллагууд, үнэт цаасны компаниуд, бодлого боловсруулагчид, олон улсын болон төрийн бус байгууллагуудын нийт 160 гаруй төлөөлөгч оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун вебинарыг нээж хэлсэн үгэндээ “Хороо тогтвортой санхүүжилтийн асуудлыг анхнаас нь дэмжиж ирсэн бөгөөд цаашид бодлого тодорхойлогчийн хувьд тогтвортой, ногоон санхүүжилтийг дэмжих, тэр дундаа үнэт цаас гаргагчдын байгаль орчин, нийгэм, засаглалын ил тод байдал, тайлагналыг сайжруулах, үүнийг дэмжсэн бодлого, зохицуулалтыг гаргахад хамтран ажиллах талд онцгой ач холбогдлыг өгнө” гэдгээ онцолсон юм.

 

Энэ удаагийн вебинараар Монголын тогтвортой хөрөнгийн биржийн санаачилга төслийн талаар танилцуулахын зэрэгцээ олон улсын хөрөнгө оруулагчдын чиг хандлага, тогтвортой байдлын тайлагналын хөшүүрэг, нийтээр хүлээн зөвшөөрсөн БОНЗ-ын ил тод байдал, тайлагналын стандарт, тогтвортой хөрөнгийн биржийн ил тод байдлын бодлого, журмын туршлага, үнэт цаас гаргагчдын тогтвортой байдал ба БОНЗ-ын тайлагналын туршлагын судалгааны үр дүн зэрэг сэдвийн хүрээнд оролцогчдод мэдээлэл, мэдлэг өглөө.

Мөн энэ үеэр “Тогтвортой хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, ТоС Холбооны удирдах зөвлөлийн дарга Норихико Като нар гарын үсэг зурлаа. Уг хамтын ажиллагааны хүрээнд талууд тогтвортой, ногоон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр үнэт цаас гаргагч компаниудад зориулсан БОНЗ-ын ил тод байдал, тайлагналын журам, стандарт, гарын авлагыг боловсруулахаас гадна холбогдох талуудын чадавхийг бэхжүүлэх, хариуцлагатай хөрөнгө оруулалт, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана.