Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Нямсүрэн: Олны танил эрхмүүдийн зургийг ашигласан пэйжээр иргэдийг залилах нь ихэсчээ

П.Батзаяа, Өдрийн сонин
2021 оны 5 сарын 24
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Нямсүрэнтэй ярилцлаа.

-Манай улсын хэмжээнд залилах гэмт хэргийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд оссон дүр зураг ажиглагдаж байна. Энэ төрлийн гэмт хэрэг он гарсаар хичнээн бүртгэгдээд байна?

-Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 7,842 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2,288 буюу 22.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Үүнээс Залилах гэмт хэргийг авч үзвэл 1,960 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.5 хувиар өссөн байна. Залилах гэмт хэрэг дотроо цахим залилангийн гэмт хэрэг 4.4 дахин өссөн үзүүлэлт гарсан байна. Залилах гэмт хэргийг нийт гэмт хэргийн нөхцөл байдалтай харьцуулан авч үзэхэд нийт гэмт хэргийн 25 хувийг энэ төрлийн гэмт хэрэг эзэлж байна.

-Залилах гэмт хэргийн тоо оссон шалтгаан нөхцөлийг юу гэж харж байна вэ?

-Залилах хэрэг дотроо олон янз байдаг. Энэ онд үйлдэгдсэн залилангийн гэмт хэргийн 60 орчим хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүний шалтгаан нөхцөлийг аваад үзэхээр иргэдийн цахим орчны хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байна. Тиймээс гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд энэ орон зайг ашиглан бусдыг хохироосоор байна. Залилах гэмт хэрэг нь эдийн засгийн харилцаанд тулгуурлан үйлдэгддэг. Иргэд өдөр бүр эдийн засгийн харилцаанд орж байдаг.

Тухайлбал, rap утас, автомашин худалдаж авах, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх гэх мэтээр тогтмол эдийн засгийн харилцаанд ордог.

Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ

  • 2016 онд хоёр орчим тэрбум төгрөгт хүрч байсан бол
  • 2017 онд 6.4 тэрбум, 
  • 2018 онд 9.9 тэрбум,
  • 2019 он гарсаар 13 тэрбум төгрөг давж, жил ирэх тусам өссөөр байна.

2019 оноос энэ оны эхний дөрвөн cap хүртэлх хугацаанд Залилах гэмт хэргийн улмаас 10,258 иргэн, хуулийн этгээд хохирсон байна. Нийт хохирогчдын 5,246 буюу 51.2 хувь нь эмэгтэй. 5,004 буюу 48.8 хувь эрэгтэй байна. Мөн нийт хохирогчдын 178 буюу 2.6 хувийг хүүхэд эзэлж байна гэсэн статистик мэдээ бий.

Нийт хохирогчдыг насны ангиллаар нь аваад үзвэл 18-29 насныхан 2687 буюу 26.2 хувь, 30-39 насныхан 3,652 буюу 35.6 хувь, 40-49 насныхан 2303 буюу 22.5 хувь, үлдсэн 35.3 хувь нь тэтгэврийн насныхан байна.

-Залилах гэмт хэрэг дотроо түгээмэл үйлдэгдэж байгаа хэргийн талаар онцлон яривал?

-Залилах гэмт хэрэг дотор түгээмэл үйлдэгдэж байгаа, хохирол ихтэй залилах хэргийг үйлдлийн аргаар нь ангилж үзвэл, Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах", "түрээслэх, түрээслүүлэх", "арилжих", “барьцаалах" иргэд хооронд өндөр хүүтэй мөнгө зээлэх нэрээр бусдыг залилах, хуурамч баримт бичиг ашиглан бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилах, гадаад улсад зорчих виз гаргаж өгнө, иргэдийн и-мэйл, фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотны найз, нөхөд, ах, дүү нараас яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа хэмээн мөнгөн тусламж гуйж иргэдийг хохироосоор байна.

Түүнчлэн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан онлайн худалдаагаар амны хаалт, гар ариутгагч, хувцас захиалга авах гэх мэт олон төрлийн аргаар цахим орчин ашиглан иргэдийг залилах, хохироох гэмт хэрэг бүртгэгдсээр байна.

-Улс дамнасан интернэт худалдааны хохирогч болсон иргэд ч байгаа гэж сонссон. Манай уншигчдад сэрэмжлүүлэг болгох үүднээс ганц, хоёр жишээ дурдаж болох уу?

-Манай улс цахим хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр, Азидаа нэгт ордог. Улс орнуудад цахим хуудас, интернэт худалдааны платформууд болон олон нийтийн сүлжээ. электрон шуудангийн үйлчилгээг ашиглан амны хаалт үйлдвэрлэдэг нэр хүндтэй компаниудын нэрийг ашиглан улс дамжин залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Иргэд бодит бус мэдээлэлд итгэж, нягтлаагүй мэдээллээ бусадтайгаа хуваалцах, бусдад зөвлөгөө өгөх зэргээс болж залилангийн гэмт хэргийн хохирогч болсоор байна.

Тухайлбал, БНХАУ- ын Эрээн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “Маск их хэмжээгээр нийлүүлнэ" гэж иргэн Б-д санал болгож 8,400,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мөн “Онлайн шоп"-оор амны хаалт худалдана гэсэн зарын дагуу иргэн Г.М нар нь Герман улсын “Estapar- masitcalius" компани руу энэ оны гуравдугаар сарын 2-ны өдөр 117 сая төгрөг урьдчилгаа хэмээн шилжүүлэн залилуулсан тохиолдлууд бүртгэгдэн шалгагдаж байна.

-Иргэдийн цахим хаяны нууц үгийг хакердаж бусдаас мөнгө зээлэх, харилцах банкны данснаас мөнгө авч иргэдийг хохироосон үйлдэл нэлээд гарах боллоо. Иргэд цахим хаягныхаа аюулгүй байдлыг төдийлөн сайн хангахгүй байна уу?

-Энэ оны эхээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 18-25 насны гурван бүлэг залуусыг дайчлан баривчилж, шалгасан. Тэд олны танил эрхмүүдийн зургийг ашигласан пэйж/хуудас/ үүсгээд түүндээ хуурамч зар тавьж, иргэдийг санхүүгээр хохироосон байна. Тус хэргийн хохирлын хэмжээ 22 сая төгрөг бөгөөд нийт 150 гаруй хохирогчтой.

Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 18 настай эмэгтэй цахим сүлжээ ашиглан, иргэдийг залилсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ хэрэг нь урьдчилсан байдлаар 350 орчим хохирогчтой, 16 сая орчим төгрөгийн хохиролтой гэмт хэрэг бүртгэгдсэнийг илрүүлэн шалгаж байна.

"Сүүлийн үед иргэд фэйсбүүк хаягийнхаа нууц үгийг алдах тохиолдол гарах болсон. Ингэж нэвтэрсэн ихэнх тохиолдолд таах оролдлогоор халдсан байна. Үүнийг иргэд өөрийн фэйсбүүк, твиттер гэх мэт цахим хэрэгслийнхээ нууц үгийг өөрийн төрсөн өдөр, утасны дугаар гэх мэтээр амархан олж тогтоох боломжтой байдлаар хийж байгаатай холбоотой гэж үзэж байна. Тиймээс иргэд энэ төрлийн халдлага, залилангаас сэргийлэхийн тулд аль болох тоо, үсэг, тэмдэгт холилдсон байдлаар цахим хэрэглээний хэрэгслийнхээ нууц үгээ хийх хэрэгтэй.

Иргэний фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч бусдыг залилсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-т зааснаар "Залилах гэмт хэрэг" гэж үзэхээс гадна, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1-т заасанчлан “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцогдож, давхар зүйлчлэн шалгадаг. Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлд Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан бол 2,700 нэгжээс 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан.

-Хамгийн их цаг хугацаа шаарддаг, хохирогчдын тоо олонтой залилах төрлийн гэмт хэрэгт сүлжээний гэх тодотголтой хэргүүд ордог шүү дээ. Хамгийн сүүлд гэхэд манай улсад аалзны тор мэт түгсэн Жи таймын хэрэг одоо ч шийдвэрлэгдээгүй байна?

-Тийм шүү. Хамгийн их хохиролтой, цаг хугацаа шаардсан залилах хэлбэр бол Сүлжээний гэх тодотголтой олон шатлалт пирамид тогтолцоо юм. Энэ бол залилах гэмт хэргүүд дунд онцлох анхаарал татаж байна.

Сүлжээний бизнес гэсэн нэрийн ард пирамид тогтолцоотой луйвар нуугдаж байгааг иргэд төдийлөн тоодоггүй. Энэ нь эргээд өөрийг нь эрсдэлд оруулдаг муу талтай. Сүлжээ нэртэй бизнес сүүлийн жилүүдэд манай улсад шууд борлуулалтын худалдаа гэсэн халхавч нэртэйгээр орж ирэх болсон. Бас хөрөнгө оруулалтын сан, гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн гоё сайхан нэрний ард нуугдан иргэдийг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж, хууль бус аргаар хөрөнгөжих болсон.

Сүлжээ нэртэй бизнес сүүлийн жилүүдэд манай улсад шууд борлуулалтын худалдаа гэсэн халхавч нэртэйгээр орж ирэх болсон

Мөн шууд болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан олон нийтэд суртал ухуулга явуулж, гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүд иргэдийг төөрөгдүүлж залилж байна. Ийм сүлжээний бизнесийг дагаж, үүний улмаас хохирсон иргэдийн тоо жилээс жилд өсөж байна. Тиймээс үүсэж болзошгүй эрсдэлээс иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлж мэдээ. мэдээлэл өгөх, гэмт үйлдлийг таслан зогсоох тал дээр цагдаагийн байгууллага идэвхтэй арга хэмжээ авч ажиллаж байна.

Тухайлбал, Жи тайм сүлжээнд 40 мянга гаруй хүн хамрагдсан, өргөн цар хүрээ хамарсан хэрэг. Нийт хохирогчдын 75 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Худалдаа бизнес эрхэлдэг хүмүүс энэ хэргийн хохирогч болох нь элбэг. Мөнгөө богино хугацаанд өсгөх зорилготой залилуулсан иргэдийн 70 орчим хувь нь өөрийнхөө мөнгөөр биш, бусдаас эзэлж авсан мөнгөө өгч бусдад залилуулсан байдаг. Иргэд хүнээс мөнгө зээлж түүнийгээ өсгөж дундаас нь ашиг олно гэсэн хялбар бодлоос болж энэ хэргийн золиос болдог. Мөн хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хохирч байна.

-Иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ?

-Залилан мэхлэх гэмт хэргийн онцлог нь гэмт этгээд нь үргэлж тухайн цаг үеийн шинэ мэдээ, мэдээлэлтэй уялдуулан хохирогчдын амар хялбар аргаар ашиг олох гэсэн сэдлийг ашиглан гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг.

Гэмт хэргийн хохирогчид өөрийгөө залилуулж байгаа мэдэлгүй 2-3 жил ч болчихсон тохиолдол байдаг. Учир нь тухайн хүний итгэлийг олж аваад урвуулан ашиглах замаар "Одоо ганцхан бичиг баримт бүтчихвэл наад ажил чинь бүтчихнэ, дахиад хэдэн төгрөг нэмээд өгчихвөл яг болох гээд байна"’ гэх мэтээр даамжруулаад яваад байдаг. Ингэснээр өмнөх үйлдлүүдийнх нь түүх, нотлох баримтууд бага багаар устаж байдаг. Тиймээс иргэд хэн нэгэнтэй эрх зүйн, эдийн засгийн харилцаанд орж байгаа тохиолдолд маш хянуур хандах ёстой.

Ялангуяа тухайн байгууллага нь хууль ёсных мөн үү, энэ чиглэлийн үйл ажиллагааг хэдэн жил эрхэлсэн байна, тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулж байна уу, өөрт чинь амлаж байгаа амлалтууд биелэх боломжтой юу гэдгийг нягталж үзэх хэрэгтэй. Сүүлийн үед иргэн аж ахуйн нэгжийн талаарх үнэн бодит лавлагаа мэдээллийг цахимаар авах боломжтой болчихсон. Тиймээс иргэд эдгээр боломжийг ашиглаад өөрөө энэ төрлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

-Залилах төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулиар хянан шалгахын тулд ямар нэгэн байдлаар хохирлын доод хэмжээг зааж өгсөн байдаг уу?

-Зарим гэмт хэрэг хохирлын хэмжээ шаардаж Эрүүгийн хэрэг үүсгэдэг бол Залилах төрлийн гэмт хэрэг ямар нэгэн байдлаар хохирлын хэмжээ шаарддаггүйгээрээ онцлогтой.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 заасан залилах үйлдэл нь ямар нэгэн хохирлын хэмжээ шаарддаггүй бусдыг өмчлөлд байгаа зүйлийг л ямар нэгэн хууль бус аргаар хуурч мэхлээд авчихсан бол энэ төрлийн гэмт хэрэг болж бүртгэгдэж байдаг.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд Хуурч, эсхүл баримт бичиг. эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ззэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450 нэгжээс 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан.

Дээрээс нь тухайн гэмт хэргийг хүндрүүлэх зүйл заалт гэж бий. Албан тушаалын байдлаа ашигласан, бусдад их хэмжээний хохирол учруулсан бол найм хүртэлх жилийн хорих ялаар шийтгэнэ. Мөн дээр дурдсан олон шатлалт пирамид луйврын арга ашигласан, энэ үйлдлээ байнгын орлогын эх үүсвэр болгосон бол 12 жил хүртэлх хорих ялаар шийтгэдэг хуулийн зүйл заалттай.

Зураг