Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Эрдэнэбаяр: Вакцины хоёр дахь тунгаа хийлгээд урвал, хүндрэл гараагүй бол 3-7 хоногийн дараа цусаа өгч болно

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Аливаа улс орнууд цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны салшгүй хэсэг билээ. 

Тэгвэл манай улс цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хомсдолд ороод байгаа талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хэвийн үетэй харьцуулахад цусаа өгдөг донорын тоо төвийн хэмжээнд 31%, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 20%-аар буурчээ. 

Коронавируст цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас халдварын тархалтыг таслан зогсоох, голомтыг хумих зорилгоор хөл хориог шат дараатайгаар дөрвөн удаа тогтоосон. Үргэлжлээд дархлаажуулалтыг эрчимжүүлсэн нь цус өгөх хугацааг түр хойшлуулах шалтгаан болсон. Үүнтэй холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг бүрдүүлэхэд бэрхшээл үүсэж, нөөц буурч байна. Цус, цусан бүтээгдэхүүн орлуулалшгүй, хадгалах хугацаа богино төдийгүй байнгын тогтвортой хэрэгцээтэй байдаг гэдгийг тэрбээр мэдээллийн эхэнд онцолсон юм.​

"Улаан эсийн бүтээгдэхүүнийг ердийн үед 21 хоногоор нөөц бүрдүүлдэг бол 2021 онд долоо хоног болж буураад байна"
 
Гэрэл зургийг MPA.mn

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр "Цус, цусан бүтээгдэхүүнийг төрөхийн хүндрэл, автын осол, гэмтлийн үед, зүрх судас, хавдрын өвчлөл болон эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа зэрэгт түлхүү хэрэглэдэг. Тухайлбал элэг шилжүүлэн суулгах хагалгааны цус, цусан бүтээгдэхүүний захиалгыг 500 орчим донороос бэлтгэдэг бөгөөд 7 хоногт 2-3 элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийгдэж байгаа" хэмээн хэллээ. 

Жил болгон цус, цусан бүтээгдэхүүний захиалга эрэлт нэмэгдэж байгаа тул донорын тоог нэмэгдүүлж байж хэрэгцээгээ хангана. 2021 оны эхний дөрвөн сарыг өмнөх онуудтай харьцуулахаар их буурсан үзүүлэлттэй гарсан. Цусны нөөцийн асуудлыг улаан эсийн бүтээгдэхүүн дээр түлхүү ярьдаг.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь Улаанбаатар хотын хэмжээнд улсын болон хувийн 80 гаруй эмнэлэгт үйлчилдэг бөгөөд одоогоор эмнэлгийн захиалгыг бүрэн хангаж байгаа ч улаан эсийн бүтээгдэхүүний хувьд 3-5 хоногийн л нөөцтэй байна. Улаан эсийн бүтээгдэхүүнийг ердийн үед 21 хоногоор нөөц бүрдүүлж явдаг байсан бол 2020 онд 14-21 хоног болж буурсан. Гэтэл 2021 онд бүр долоо хоног болж буураад эрсдэлтэй нөхцөл үүсээд байна. Цус цуглуулах суурин төвүүд хэвийн ажиллаж байгаа. 

Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсний дараа урвал, хүндрэл гараагүй бол 3-7 хоногийн дараа цусаа өгч болно. Харин урвал хөнгөн, дунд зэрэг илэрч байгаа бол 14 хоногийн дараа өгч болно.

Вакцинаа хийлгэчихсэн хамт олон, байгууллага байвал нээлттэйгээр очоод цус цуглуулах үйл ажиллагааг өдөр тутамд явуулахад бид бэлэн. Нэг зүйлийг нэмж хэлэхэд өнөөдрийг хүртэл КОВИД-19-ийн цусаар дамжиж халдварласан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй" гэв.

Улсын хэмжээнд нийт цус цуглуулалтын тоо 2016 онд 32,966 байсан бол 2020 онд 35,646 болж 8.1%-аар өссөн үзүүлэлттэй байна. Нийт цус цуглуулалтыг харвал, 

  • 26,835 (75.3%) ЦССҮТ-д,
  • 8,811 (24.7%) цусны салбар төвд тус тус цуглуулжээ.

Мөн нийт цус цуглуулалтын 68.2 хувийг цус цуглуулах суурин төвд, 31.8 хувийг хөдөлгөөнт хэлбэрээр цуглуулжээ. 

График 1. Нийт цус цуглуулалт  /2018-2021 оны эхний 4 сар/

 
Нийт цус цуглуулалт /2018-2021 оны эхний 4 сар/

Улсын хэмжээнд 2016 онд 81,927 нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2020 онд 106,832 нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт үйлдвэрлэл 30 хувь өссөн үзүүлэлттэй байна.

График 2. Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ / 2018-2021 оны эхний 4 сар/

 
Цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ /2018-2021 оны эхний 4 сар/

Цус, цусан бүтээгдэхүүний хадгалах хугацааны тухайд: 

  • Эсийн бүтээгдэхүүн- 3-5 хоног
  • Улаан эсийн бүтээгдэхүүн- 21-42 хоног
  • Сийвэнгийн бүтээгдэхүүн- 3 сараас 5 жил хүртэл хадгалагдах боломжтой. 

Олон улсын сайн туршлагаас харахад болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тухайн улс орны иргэд, аж ахуйн нэгж, хамт олны зүгээс цусны албаны үйл ажиллагааг дэмжин цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг. Тус жишгээр иргэд, ААН-үүд цусаа хандивлахыг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс уриаллаа.