Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн эрх баригчид сэтгүүлчийг баривчлахын тулд нутаг дээгүүрээ өнгөрч явсан онгоцыг саатуулав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Грек улсын нийслэл Афин хотоос Литвийн нийслэл Вильнюс хотын чиглэлд нисэж байсан RyanAir компанийн нисэх онгоцыг Беларусийн эрх баригчид Минск хотод албадан буулгасан хэрэг гарчээ. RyanAir нь Ирланд улсын агаарын тээврийн компани юм.

Онгоцыг замаас нь гаргаж, ослын буулт хийлгэсэн шалтгаан нь уг нислэгээр зорчиж байсан Беларусийн сөрөг хүчний дуу хоолой Nexta мэдээллийн агентлагийн эрхлэгч асан Роман Протасевичийг баривчлах байсан байна. Тэрбээр эх орноосоо дүрвэж, Литвийн нийслэлд амьдарч байжээ.

Сэтгүүлчийг баривчилсны дараа Беларусийн тал онгоцонд нислэгээ үргэлжлүүлэх зөвшөөрөл өгч, төлөвлөсөн хугацаанаасаа долоон цагийн дараа Вильнюст газарджээ.

RyanAir-ийн онгоцыг нутаг дээгүүр нь нисэх үед Беларусийн тал онгоцонд тэсрэх бөмбөг байж болзошгүй гэсэн шалтгаанаар Минск хотод ослын буулт хийлгэсэн байна. Ингэхдээ Беларусийн армийн МиГ-29 сөнөөгч онгоц дагалдаж явжээ.

Гэвч онгоцноос тэсрэх бөмбөг олдоогүй ба харин зорчигчдын нэг Роман Потрасевичийг баривчлан буулгасан байна.

 
Роман Потрасевич

RyanAir-ийн онгоцыг албадан буулгаж, сэтгүүлчийг баривчлах даалгаврыг Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өгсөн гэж тус улсын төрийн БелТА агентлаг мэдээлжээ.

АНУ, Европын орнууд Лукашенкогийн үйлдлийг “террорист ажиллагаа” гэж нэрлээд хатуу шийтгэл оноохоо мэдэгдээд байна.

NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг үүнийг ”маш аюултай, ноцтой хэрэг” гэж нэрлэжээ.

Латви, Литва улсуудын эрх баригчид Беларусийн агаарын орон зайг аюултайд тооцож, олон улсын нислэгүүдийг дайруулахгүй байхыг уриалсан байна.

НҮБ дэх иргэний агаарын тээврийн агентлаг ICAO уг явдлыг агаарын орон зайн аюулгүй байдлын Чикагогийн Конвенцийг зөрчсөн хэрэг гэж дүгнэжээ.

Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки “Иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг барьцаалсан нь урьд өмнө тохиолдож байгаагүй, төрийн оролцоотой терроризм тул шийтгэлгүй өнгөрөөх ёсгүй” гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард болсон сонгуулиар 1994 оноос хойш төрийн эрхийг тасралтгүй барьж байгаа 66 настай Александр Лукашенко ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон нь Беларусь даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн юм. Тэр үеэс хойш Беларусьт сөрөг хүчний дуу хоолойг нухчин дарах ажиллагаа эрчимтэй явдагдаж байна.

 

Эх сурвалж: BBC