Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын мужууд вакцинжуулалтыг идэвхжүүлэхийн тулд $5 сая хүртэл хонжвортой сугалаа зохион байгуулж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын мужууд иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд янз бүрийн урамшууллын арга хэмжээг зохион байгуулж байна. Эдгээрээс иргэдийн сонирхлыг хамгийн их татаж байгаа арга нь бэлэн мөнгөний хонжвортой сугалаа байгаа ажээ.

Одоогоор Охайо, Нью Йорк, Мэрилэнд, Кентаки мужууд өндөр шагналтай сугалаа зохион байгуулж байна.

Охайо мужийн захиргаа вакцинжуулалтад шинээр хамрагдсан хүмүүсийн дунд $1 саяын хонжвортой сугалаа зохион байгуулж эхэлжээ. Сугалаа зарласны дараах эхний хоёр өдөрт тус мужид хамгийн олон хүн вакцинжуулалтад хамрагдаж, дээд амжилт тогтоосон байна.

Хуулиар 18 нас хүрээгүй иргэд сугалаанд оролцох эрхгүй байдаг. Тэгвэл 16-18 насныхан сугалаанд хожвол дурын мужийн дурын их сургуульд дөрвөн жил суралцах зардлыг бүрэн даахаар болжээ.

Нью Йорк муж нийт $5 саяын хонжворын сантай “Vax & Scratch” лоттерейн хөтөлбөрийг өчигдөр зарласан байна. Тавдугаар сарын 24-нөөс 28-ны хооронд тус мужийн вакцинжуулалтын 10 төвд ирж тариулсан хүн бүрт $20-ын үнэтэй хусаж арилгадаг тасалбар тараах ажээ.

Мэрилэнд муж мөн $2 саяын хонжворын сантай лоттерейг вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн дунд зохион байгуулах болсноо өчигдөр зарласан байна. Тавдугаар сарын 25-наас долдугаар сарын 3 хүртэл 40 хоногийн хугацаанд өдөр бүр $40,000-ын хонжворын ялагчийг тодруулах бөгөөд долдугаар сарын 4-ний өдөр супер хонжвор болох $400,000-ын эзнийг тодруулахаар болжээ.

Кентаки муж вакцинжуулалтад шинээр хамрагдсан иргэн бүрт $1-ийн үнэтэй лоттерейн тасалбар тараах бөгөөд нийтдээ 225,000 ширхэг тасалбар тараахаар болсон байна.

Уг хөтөлбөр энэ Баасан гарагийг хүртэл, эсвэл тасалбарыг тараагдаж дуусах хүртэл үргэлжлэх гэнэ.

Эдгээрээс гадна Америкийн бусад мужууд вакцинжуулалтад шинээр хамрагдсан иргэдэд нэг удаа үнэгүй ундаа, шар айраг авах эрх, үзвэрийн тасалбар, загасчлах зөвшөөрөл зэргээр урамшуулж эхэлжээ.

 

Эх сурвалж: Business Insider