Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Одонтуяа: Ерөнхий сайдыг нэр хүндэд халдсан хэмээн үзэж, 100 сая төгрөг нэхэмжилж байгаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн С.Одонтуяа  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийнх нь нэр хүндэд халдсан хэмээн үзэж, шүүхэд хандсан талаараа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Тавдугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг тайлагнах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ миний нэр хүндэд халдсан. ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд би нэхэмжлэл гаргасан. Нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, хариуцагчийг уучлал гуйлгах, мэдээлэл тараасан хэрэгслээрээ няцаалт хийх, мөн 100 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг би өрх толгойлсон ээжүүдэд туслах арга хэмжээнд зориулна. 

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэг жишээ боллоо. Холбогдох 10 гаруй байгууллагуудаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа вакцины асуудалд яг ямар саад учруулсан талаар бичиг гаргуулна. Сэтгүүлчидтэй ярьдаг асуудлыг тагнадаг болсон уу гэдгийг гаргаж тавина. Энэ улсад хууль гэж байна уу?

Хэн дуртай нь хүний утсыг чагнаад, шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гүтгэж болохгүй. Ерөнхий сайд, сөрөг хүчний гишүүн, УИХ-ын дэд даргын нэр хүндэд халдсан нь туйлын хариуцлагагүй явдал. Шүүхийн хянан шалгах хугацаанд энэ бүх асуудлыг хэлэлцэнэ. Надад ард түмний өмнө хийсэн гэм буруу байхгүй. УИХ-ын чуулганы үеэр  вакцины төсвийг суулгах, сонголт бий болгох талаар ярьж, хэлэлцсэн. Түүнээс биш миний хувьд ОХУ-ын Элчин сайдтай яриад вакцин гацаасан зүйл байхгүй. ОХУ-ын Элчин сайдын яам руу албан бичгээ явуулсан" гэлээ. 

Шаардлагатай бол хүний эрхийн дээд хороог хуралдуулна

Харин тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын асуудлаар "УИХ хууль тогтоох байгууллага. Хамгийн гол нь нэг хүн, 100 хүнд биш, бүх хүнд туслаж чадах заалтыг сэргээх хэрэгтэй. Хөдөлмөрийн хууль хэлэлцэж байна. Энэ хуульд ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг оруулж өгсөн.

УИХ ёс зүй, сахилга хариуцлагын хороотой болсон. Уг байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ энэ асуудлыг хэлэлцэж байна гэсэн мэдээлэл өгсөн. Дөрвөн хүн тутмын гурав нь ажлын байрны бэлгийн дарамтаас болж хохирдог гэсэн тооцоолол байна. Тухайн үед яриад өнгөрөх биш хүний эрх зөрчсөн асуудлыг онцгой анхаарах нь зөв. Шаардлагатай бол энэ асуудлаар хүний эрхийн дээд хороог хуралдуулна" хэмээн байр сууриа илэрхийллээ.