Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

СЗХ салбарын мэргэжлийн холбоотой хамтран ажиллах гэрээ үзэглэлээ

ikon.mn
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хороо салбарын мэргэжлийн холбоодуудтайгаа хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлсээр байна. Өнөөдөр Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр нэгдсэн холбоотой сургалтын чиглэлээр хамтран ажиллах гэрээ үзэглэлээ. Уг арга хэмжээнд Хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үл хөдлөх хөрөнгө, зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газрын дарга Н.Энхтуяа болон Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр нэгдсэн холбооны ерөнхийлөгч Э.Уянга, гүйцэтгэх захирал Б.Батгэрэл нар оролцлоо.

Ажлын албаны дарга Т.Жамбаажамц нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хороо даатгал, банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо зэрэг зохицуулалтын салбаруудынхаа олон холбоотой хамтарч ажилладаг. Харин энэ удаа үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарынхан хоорондоо нэгдээд нэгдсэн дуу хоолой, нэгдсэн зохион байгуулалттай болж холбоогоороо дамжуулж сургалтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьсанд талархсанаа илэрхийлж байна. Цаашид хамтдаа салбараа хөгжүүлэх, зохицуулалтын зохистой орчин бүрдүүлэх, мэргэжлийн оролцогчдоо чадавхжуулах, мэргэшүүлэх, эрх ашгийг нь хамгаалах гээд хийж хэрэгжүүлэх олон ажил биднийг хүлээж байгаа. Нөгөөтэйгүүр, холбооны хувьд ч санхүүгийн салбарын бусад холбоотой хамтдаа хөгжиж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль, эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүлдэд санал өгөх, хамтран боловсруулах мөн сургалтын нэгдсэн стандарт, ижил үнэлгээтэй болох боломж бий болно. Хорооны зүгээс ч Та бүхнийг бүх талаар дэмжиж, хамтарч ажиллах болно” гэдгийг онцоллоо.

 

Ийнхүү хоёр тал гэрээг үзэглэснээр Хорооноос баталсан сургалтын журмын дагуу холбогдох сургалтуудыг цаашид зохион байгуулах юм. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын брокер, агентуудыг эрх олгох сургалтад хамруулж сертификатжуулах ажлыг тогтмол зохион байгуулна.

Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос үл хөдлөх, эд хөрөнгө зуучлалын салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 196 ХХК, 217 брокер, 1257 агент  бүртгэлтэй байна.