Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

М.Оюунчимэг: НДШ-ийг нэмэгдүүлэхгүй байх хуулийг оны эхнээс хэрэгжүүлбэл 33 тэрбум төгрөгийн буцаан олголт бий болно

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр нэг хувийг нэмж төлж 9.5 хувьд хүрэх байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг цар тахалтай холбоотойгоор энэ оны долоодугаар сарын 1-н хүртэл өмнөх буюу 8.5 хувиар төлж байгаа. Энэхүү хувь хэмжээг нэмэгдүүлэлгүй 8.5 хувиар нь үлдээх тухай Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан юм. 

УИХ-ын зарим гишүүн болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэхгүй байх хуулийн хэрэгжих хугацааг энэ оны долоодугаар сарын 1-нээс бус нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэх санал гаргаад буй. Энэхүү саналд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хариулт өглөө.

Тэрбээр “Байнгын хороо болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ-ын төлөөлөлтэй уулзсан. Тэдний зүгээс тавьж байгаа саналд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртлэх хугацаанд НДШ-ийг хоёр хувиар бууруулах асуудлыг тусгасан байсан. Харин нэр бүхий УИХ-ын гишүүдийн санаачилсан уг хуульд зөвхөн нэг удаагийн арга хэмжээ биш, хоёр хувийн шимтгэлийг цаашид бүр мөсөн бууруулах асуудлыг тусгасан.

Энэ хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхэд шаардлагатай 94 тэрбум төгрөгийг төсөвт тодотгол хийхгүйгээр, Цар тахлын эсрэг хуулийн таван сайдын дундах багцаар зохицуулах бололцоо бий. Тиймээс байнгын хороо тус хуулийг долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг дэмжсэн.

Харин 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлбэл 33 тэрбум төгрөгийн буцаан олголтын асуудал үүснэ. Тэдний ихэнх нь цалингаа бүтэн авч байгаа төрийн байгууллагууд байгаа. Хувийн хэвшлүүд бүгд 8.5 хувиар шимтгэлээ төлөөд явж байгаа” гэв.