Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн хөгжлийн банкнаас 170 сая ам.долларын нэмэлт зээл авна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна.

Уг хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралданаар хэлэлцээд дэмжсэн билээ.

Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 300 сая ам.доллар баталж, үүнээс 200 сая ам.доллараар төсвийн дэмжлэгийн хоёр хөтөлбөр, мөн нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмж худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж байна. Үлдсэн эх үүсвэрээр “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Харин өнөөдөр хэлэлцэх санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хүрээнд 170 сая ам.долларын нэмэлт эх үүсвэр авах асуудлыг тусгасан байна.

Уг санхүүжилтийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь цар тахлын эсрэг вакцин худалдан авах санхүүжилтэд зарцуулахаар тооцжээ.

Азийн хөжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, зээлийн жилийн хүү нь хоёр хувь байх бол энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн зургаан сарын хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нөхцөлтэй юм.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр зээлийн талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулжээ.

АБГББХ-ны дарга Б.Баттөмөр: Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэртэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 25 жил, үүнээс эхний таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө, зээлийн хүү хоёр хувь гэж байна. Харин нөгөө зээлийнх нь эргэн төлөгдөх хугацаа 15 жил юм байна. Эхлээд 300 сая, одоо 170 сая гэхээр 470 сая ам.долларын зээл болж байна. Үүний 170 орчим нь үндсэндээ хэрэгжсэн. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 болон 25 гээд хоёр янз байна. Эдгээр зээлүүдийн хүүгийн хэмжээ ямар байх вэ.

Сангийн яамны хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү: Азийн хөгжлийн банкнаас энэ удаад авч байгаа зээлийн хэмжээ 170 сая ам.доллар. Үүний 70 орчим сая ам.долларыг хүүхдийн 100 мянга олгох санхүүжилтэд зарцуулагдана. Энэ төсөл нь жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай.

Үлдсэн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэг хэлбэрээр зарцуулна. Үүний эргэн төлөгдөх хугацаа 15 жил.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хүүхдүүдэд 100 мянган төгрөг өгөхийн дэмжиж байгаа. Гэхдээ гаднаас мөнгө зээлж хүүхдүүддээ өгөх, төсвийн алдагдлыг зээлээр нөхөх хэр оновчтой вэ.

Сангийн сайд Б.Жавхлан: 2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий гэрээг Азийн хөгжлийн банктай байгуулсан. Цар тахлын үеийн хүндрэлийг давж туулахад зээлээ ашиглана гэж ерөнхий гэрээ байгуулсан.

Шуурхай хариу арга хэмжээ авах ерөнхий төлөвлөгөөний хүрээнд төсвийн дэмжлэг авч эх үүсвэрээ бүрдүүлж байна гэж ойлгож болно. Хүүхдийн мөнгөний санхүүжилтэд зарцуулах болон зайлшгүй шаардлагатай үед хэрэглэнэ гэж батлуулж аваад энэ оны 3, 4 дугээр улиралд төсвийн нөхцөл байдлаа харж байгаад шаардлагатай үед хэрэглэх төлөвлөгөөтэй байгаа.

Монгол Улсын хувьд ойрын 10 жил хамгийн их дарамттай, өр зээл төлөх хариуцлагатай үе. Тиймээс гадаадаас зээл, тусламж нэмж авахгүй, одоо байгаа өрийн асуудлаа төсөвт дарамт багатайгаар хойш нь жигдлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.