Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ "PISA-2022"-ын туршилтын шалгалтад 700 гаруй сурагч хамрагдаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

​Манай улс 2022 онд анх удаа “PISA-2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд хамрагдахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

Сурлагын амжилтыг үнэлэх олон улсын энэхүү үнэлгээ нь гурван жил тутам зохион байгуулагддаг бөгөөд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх бус 15-16 насны сурагчид унших, математик, шинжлэх ухааны хичээлээр олж авсан мэдлэгээ амьдрал ахуйдаа ашиглан асуудал шийдвэрлэх чадварыг үнэлэх зорилготой шалгалт юм.

Уг шалгалт нь туршилтын болон үндсэн гэсэн хоёр шаттай зохион байгуулагддаг. Туршилтын шалгалт нь сурагчдын гүйцэтгэх дасгал даалгавар, сурлагын амжилтад нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлох асуулгын тохирц, нийцийг тандах зорилготой бөгөөд үндсэн шалгалт 2022 онд зохион байгуулагдана.

“Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ PISA-2022”-нд дэлхийн 88 орны 15-16 насны сурагчид хамрагдаж, математик, унших, байгалийн ухааны хичээл болон бүтээлч сэтгэлгээний чадварыг шалгасан агуулгын хүрээнд шалгалтын даалгаврыг гүйцэтгэх юм.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ цаг үед манай улс туршилтын шалгалтыг Улсын Онцгой комиссын зөвшөөрлийн үндсэн дээр халдвар хамгааллын дэглэм баримтлан 2021 оны 5 дугаар сарын 17-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Туршилтын шалгалтад манай улсын ерөнхий боловсролын 19 сургууль /нийслэлийн 10, орон нутгийн 9/-ийн 700 гаруй сурагчид хамрагдаж байна.

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ “PISA-2022”-нд хамрагдсанаар:

  • өөрийн орны боловсролын чанар, үр дүнгээ дэлхийн улс орнуудтай харьцуулах боломж бүрдэх;
  • сурагчид сургууль төгссөний дараа шууд хөдөлмөрийн зах зээл/ажлын талбарт гарахад бэлэн байгаа эсэхийг илрүүлэх боломж бий болох;
  • боловсролын тогтолцооны давуу, сул талыг харьцуулан дүгнэж бодлого боловсруулахад үндэслэл болохуйц олон улсын стандарт үзүүлэлт, тоо баримт мэдээллээр хангах;
  • бодлогын шинэчлэлийн чиглэлийг тодорхойлох, байгууллагын болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой;
  • Шалгалтад хамрагдсан улс орны 15-16 насны сурагчдын мэдлэг, чадварын түвшинг бодитой тодорхойлж олон улсын болон үндэсний хэмжээний суурь судалгааны мэдээлэл бүрдэх;
  • Шалгалтын дагалдах асуулгын хүрээнд хүн ам зүй, нийгэм эдийн засаг ба боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлт нь суралцагчийн сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх боломжтой.

Ирэх онд PISA-д 90 орчим улсын 15 настнууд оролцож, мэдлэг чадвараа шалгуулна. 

 

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв