Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэр бүхий УИХ-ын гишүүнтэй холбогдох хохирогч гэх хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү олны анхаарлыг татаад буй хэргүүд болон цаг үеийн зарим асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнгөрсөн Баасан гарагт Булган аймагт салсан эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Хэрэг болох үед дэргэд нь хүүхдүүд байсан бөгөөд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хүүхдүүдийг  ар гэрийнх нь асран хамгаалалтад өгсөн.

Хэрэгт холбогдогчид таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Уг хэргийн талаар зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гэр бүлийн гишүүд буюу 3-4 орчим хүний аминд хүрсэн гэж мэдээлсэн нь ташаа гэдгийг хэлье.

Түүнээс гадна,

  • Өчигдөр Хан-Уул дүүргийн 11 хорооны нутагт орших амралтын газрын ойролцоо 26 настай эрэгтэй ургаа модноос боомилсон байдалтайгаар нас барсан мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.
  • Өчигдөр 97 дугаар сургуулийн гуравдугаар давхрын аваарын шатнаас тус сургуулийн багш ажилтай, 40 гаруй насны эмэгтэй унаж, ГССҮТ-д хүргэгдээд хагалгаанд орж амжилгүй таалал төгссөн. Энэ хэрэгт зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цонхоор түлхсэн зэрэг ташаа мэдээлэл гарч байна. Шалтгаан нөхцлийг тодруулахаар БЗД-ийн Цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн үеийн камерын бичлэг зэрэг нотлох баримтыг хураан аваад байна.
  • Metoo хөдөлгөөнийг санаачлагчдын нэг Нара гэх эмэгтэйг гудамжинд явж байхад нь биед нь халдсан хэрэг гарсан тухай тодруулсан. Уг гудамж, талбай, олон нийтийн газарт танхайрсан асуудлыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа" хэмээн мэдээлэв.

Мөн тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

- УИХ-ын гишүүн Б.Анандбазар бусад бэлгийн дарамт учруулсан байж болзошгүй талаарх мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор тухайн гишүүн шалгагдаж байгаа юу, мэдүүлэг өгсөн болов уу?

-Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хүнийг шууд нэр зааж болохгүй. Тухайн үйл явдалд нь хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг.

Цахиур.мн сайтаар цацагдсан нэр бүхий УИХ-ын гишүүнтэй холбогдох хохирогч гэх тодорхой хүмүүс гэмт хэргийн шинжтэй зүйл ярьсан. 

Үүнд олон хүний нэр дурдагдаж байгаа тул хохирогч гэх хүмүүсээс тайлбар мэдүүлэг авах ажиллагаа явагдаж байна. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг дээр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албан дээр хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.