Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Газар нутагт нь орж ирсэн 8,000 дүрвэгчийг албадан гаргахын тулд Испани улс хил рүүгээ цэрэг илгээжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн хойд эрэгт орших Испани улсын газар нутаг Сеутад өчигдөр хөрш Морокко улсаас 8,000 орчим дүрвэгч нэвтрэн иржээ.

Тэдний дотор 1,500 орчим хүүхэд байсан ба хуурай газрын хилийн шугамыг тойрч, далайгаар сэлж, зарим гүехэн устай газраар алхаж ирсэн байна.

Испани улсын ерөнхий сайд Сеутад дэг журам тогтоохын тулд зэвсэгт хүчний анги нэгтгэлийг илгээх шийдвэр гаргажээ. Үүний үр дүнд дүрвэгчдийн тал орчим хувийг Морокко руу албадан гаргасан байна.

Испанийн ерөнхий сайд Педро Санчез өчигдөр өөрийн биеэр Сеутад очиж, үүссэн нөхцөл байдалтай танилцжээ. Морокко улсын засгийн газар Испанийн талын авсан арга хэмжээг эсэргүүцэж, Мадрид дахь элчин сайдаа дуудсан байна.

 

Африк тивийн эрэгт оршдог Сеута нь тус тивээс Европ руу цагаачлах гэсэн хүмүүсийн хувьд чухал гарц болдог. Гэхдээ өчигдөр дүрвэж ирсэн хүмүүс бараг бүгд Мороккогийн иргэд байжээ.

Европын консулын ерөнхийлөгч Шарль Мишел “Испанийн хил бол Европын Холбооны хил юм” гэж твиттер хуудсандаа мэдэгдээд Испанийн засгийн газрын авсан арга хэмжээг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Европын Холбооны дотоод хэргийн коммиссар Илва Йоханссон урьд өмнө ирж байгаагүй олон дүрвэгч, тэдгээрийн дотор олон тооны хүүхэд Сеутад ирсэнд санаа зовж байгаагаа мэдэгдсэн байна.

Африкийн эрэгт орших Сеута, Мелилла гэдэг хоёр газар 17 дугаар зуунаас хойш Испанийн захиргаанд өөртөө засах эрхтэй оршиж байгаа. Хөрш Морокко улс эдгээрийг өөрийн газар нутаг гэж маргадаг байна.

Испани, Мороккогийн хооронд өөр газар нутгийн маргаан ч байсан юм. Тухайлбал 1975 оныг хүртэл Испанийн захиргаанд байсан Баруун Сахарыг сүүлд Морокко улс өөртөө нэгтгэсэн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл нутгийн Сахрави угсаатнууд Мороккогоос салан тусгаарлах зэвсэгт тэмцэл явуулсаар байна.

 

Эх сурвалж: BBC