Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нэрээ нууцалсан өндөр настан насаараа хураасан мөнгөө Японы Ёкосука хотод хандивлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Япон улсын Канагава мужийн Ёкосука хотын захиргаанд нэгэн үл таних эрэгтэй насаараа хадгалсан мөнгөө бэлнээр хандивласан тухай албаныхан мэдээлжээ.

70-80 орчим насны үл таних эрэгтэй үүргэвчтэй мөнгийг захидлын хамт хотын захирагчид оруулж өгөхийг захиад явсан юм байна. Үүргэвчинд нийт 60 сая иен ($550,000) бэлнээр байжээ.

“Энэ бол миний нэгдүгээр ангид байхаасаа эхлэн цуглуулсан мөнгө. Үүнийг хэрэгтэй зүйлд нь зарцуулаарай. Миний хандив болог” гэж захидалд бичсэн байна.

Тэрбээр нэрээ хэлэхээс татгалзаж байжээ. “Бид нэрээ нууцалсан хүнээс хэзээ ч ийм том хандив авч байгаагүй. Миний сэтгэл их хөдөлж, хэлэх үг олдохгүй байна” хэмээн Ёсокуса хотын захирагч Кацуаки Камижи ярьжээ.

Цар тахлын улмаас эдийн засгийн хямралтай байгаа тус хотод хандивын мөнгө чухал нэмэр болох гэнэ.

Япон улсад нэрээ нууцалсан хүмүүс мөнгө хандивлах явдал үе үе гардаг. Өнгөрсөн онд Нара хотын захиргаанд нэг эрэгтэй 30 сая иентэй цүнх орхиод явахдаа ядууст туслах, боловсролыг дэмжихэд зориулахыг захиж байжээ.

 

Эх сурвалж: AFP