Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Төв талбайд өөрийгөө шатааж амиа егүүтгэсэн хэргийг хааж, Сод Монгол группийг ₮3 саяар торгожээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт сагсчин залуус гаднын нөлөөтэй болон өндрөөс унасан байдалтай амь насаа алдаж, 8-ны өдөр төв талбайд нэгэн иргэн өөрийгөө шатаан амиа егүүтгэсэн харамсалтай хэргүүд гарсан билээ. 

Тэгвэл уг хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа аль шатандаа явж байгаа болон хэрэг хэрхэн шийдвэрлэгдснийг Прокурорын ерөнхий газраас тодруулахад "Хоёр сагсчин нас барсан хэрэг шийдвэрлэгдээгүй. Сүхбаатарын талбайд амиа егүүтгэсэн иргэний хэргийг хааж шийдвэрлэсэн бөгөөд бензин өгсөн газарт нь арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл, Сод Монголын бензин саванд хийж задгайгаар зарсан зөрчилд Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсээс Сод Монгол групп ХХК-ныг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр 3,000,000 төгрөгөөр торгосон. Мөн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар тус компанид мэдэгдэл бичсэн байна" гэв.

Эргэн сануулбал,

  • "Хоёрдугаар сарын 7-ны өдрийн 03:00 цагт Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад ирсэн даруй цагдаагийн байгууллага хэргийн газарт ажилласан. Хэргийн газрын үзлэгээр 23 настай "Ц" гаднын нөлөөтэй амь насаа алдсан бол 20 настай "И" өндрөөс унаж амиа алдсан. БЗД дэх цагдаагийн газраас тус хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” хэмээн тухайн үед Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Б.Баатархүү мэдээлж байв. 
  • Хоёрдугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөр дээрээ бензин асган шатаасан хэрэг гарсан. Тухайн үед ойрхон явсан иргэд галыг унтраасан боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан бөгөөд тухайн үед хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байдаг.