Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн бага тохиолдол илэрсэн ч нас баралт буурахгүй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Коронавируст халдварын тохиолдол өнөөдөр 349-өөр нэмэгдсэн. Энэ нь гуравдугаар сарын 28-наас хойш нэг өдрийн дотор илэрсэн хамгийн бага тохиолдол болж байна.

 
2021.03.28-ны өдөр халдварын тохиолдол 321 илэрч байв.

Халдварын тохиолдол ийнхүү буурч байгаа нь сайн хэрэг ч нас баралт нэмэгдсээр байна.

Тухайлбал, сүүлийн дөрөв хоногийн хугацаанд нийт 21 хүн уг өвчний хүндрэлээр эндэв. Өнгөрсөн хоногт л гэхэд халдварын шалтгаант нас баралт дахин долоогоор нэмэгдлээ.

Тодруулбал, 1-21 хоногийн өмнө халдвартай нь батлагдсан 51-94 насны долоон иргэн коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр нас барлаа.

Нас барсан хүмүүсийн тухайд,

  • Дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдсан 81 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдсан 55 настай эрэгтэй,
  • Тавдугаар сарын 10-нд нь онош нь батлагдсан 94 настай эмэгтэй,
  • Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан настай 61 настай эрэгтэй,
  • Тавдугаар сарын 14-нд онош нь батлагдсан 84 настай эмэгтэй,
  • Тавдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 72 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 17-нд онош нь батлагдсан 51 настай эмэгтэй нар байна.

Мөн хугацаанд 877 хүн эдгэрсэн нь дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс хойш 24 цагийн хугацаанд хамгийн бага хүн эдгэрсэн тохиолдол болсныг дараах зургаас харах боломжтой.

 
2021.04.30-ны өдөр эдгэрэлт 923-аар нэмэгдэж байв.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар өвчлөөд эндсэн хүний тоо 233 болсон бол нийт батлагдсан тохиолдлын 42,721 нь буюу 86 хувь нь эдгэрчээ.

Халдвар аваад нас барсан хүмүүсийн 221-ийг нь коронавирусийн хүндрэлийн улмаас эндсэн гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 11 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

Одоогоор 3,870 хүн эмнэлэгт, 690 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж буй.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс,

  • Хөнгөн-1,879
  • Хүндэвтэр-1,364
  • Хүнд-523
  • Маш хүнд-104 хүн байна.

Хүндэрч байгаа өвчтөнүүдийн тухайд ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Халдвар авсан зарим иргэд эмчийн зөвлөмжийн дагуу эмнэлэгт хэвтээгүйгээс болж гэртээ хүндэрч эмнэлэгт хүргэгдэх тохиолдол гарч байна. Иймд иргэд та бүхэн халдвар авсан тохиолдолд заавал эмчийн зааврыг дагаж мөрдөх хэрэгтэй" хэмээн сануулав.

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийн ЭНДЭЭС үзэх боломжтой.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/761759617851519