Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Өмнөд Каролина муж цаазлах аргыг ялтнаар сонгуулах хуулийг баталжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Өмнөд Каролина мужийн захирагч Хенри Макмастер цаазлах аргыг ялтнаар сонгуулдаг болох хуулийг өнгөрсөн Баасан гарагт баталжээ.

Одоо тус мужид цаазын ялыг үхлийн тарилгаар гүйцэтгэдэг. Харин тарилгын нөөц хомсдолтой байх үед буудуулах, цахилгаан сандалд суух хоёр аргын нэгийг ялтан өөрөө сонгохоор шинэ хуульд заажээ.

Тавдугаар сарын 6-ны өдөр Өмнөд Каролина мужийн сенат 66:43 саналын харьцаагаар буудах арга хэрэглэхийг дэмжсэн юм байна.

Тус мужид 2011 оноос хойш ганц ч цаазын ял гүйцэтгээгүй байгаа ба одоо цаазын ялтай 37 хоригдол давж заалдах шатны шүүхийн шийдвэрээ хүлээж байгаа гэнэ.

Өмнө нь Миссиссиппи, Оклахома, Юта гэсэн гурван мужид л буудах аргыг хуулиар зөвшөөрч байв. Одоо Өмнөд Каролина дөрөв дэх муж болж нэмэгдэж байна.

АНУ-ын есөн мужид цахилгаан сандал хэрэглэдэг. Бусад бүх мужид зөвхөн үхлийн тарилга хэрэглэдэг ажээ.

Өмнөд Каролинагийн сенатад өргөн барьсан хуулийн анхны хувилбарт цаазын ажиллагааг хууль тогтоогчдын нүдэн дээр гүйцэтгэх, үйл явцыг нь онлайнаар нийтэд үзүүлэх санал багтаж байсан гэнэ.

Гэвч дээрх санаанууд дэмжигдээгүй тул хасагджээ.

Цаазын ялаас дэлхий даяар татгалзах болсонтой холбоотой Америкийн эм үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийг нь ял гүйцэтгэлд ашиглахыг хориглож эхэлсэн тул олдоц нь муудаж, өөр аргыг хэрэглэхэд хүргэж байгаа юм. 

Тухайлбал дэлхийн хамгийн том эм үйлдвэрлэгч Pfizer компани 2016 онд өөрийнх нь бүтээгдэхүүнийг цаазын ял гүйцэтгэхэд ашиглахыг хориглож, зориулалтад нь хяналт тавих механизмтай болсон байна.

АНУ-ын муж бүр цаазын ялыг өөр өөрийн хуулийн дагуу гүйцэтгэдэг. Харин холбооны засаг захиргаа 17 жилийн турш цаазын ялыг түдгэлзүүлээд байсныг ерөнхийлөгч Дональд Трамп сэргээн хэрэглэж байв. Трампын засаглалын үед холбооны шоронгуудад 13 хоригдол цаазлуулжээ.

Шинэ ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн үеэр цаазын ялыг холбооны түвшинд хориглох амлалт өгч байсан ч одоогоор ямар нэг алхам хийгээгүй байна.

АНУ-д цаазын ял онооход арьс өнгөний үзэл нөлөөлдөг гэсэн шүүмжлэл байнга яригддаг.  Тухайлбал африк гаралтай иргэд тус улсын хүн амын 13 хувийг бүрдүүлдэг ч цаазын ялтнуудын 40 хувийг бүрдүүлж байжээ.

Death Penalty Information Center байгууллагаас гаргасан тоо баримтаас үзвэл 1973 оноос хойш АНУ-д 170 гаруй хоригдол хилс хэргээр цаазлуулсныг сүүлд цагаатгасан байна.

 

Эх сурвалж: The Guardian