Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжлэх ухаан, инновацид тулгуурлан төр-хувийн хэвшлийн хамтын түншлэлийг бүрдүүлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

“Монголын инновацын 7 хоног-2021” арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээ инновацын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг  түгээн дэлгэрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үйл ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Цэдэвсүрэн нарын холбогдох хүмүүс цахимаар оролцлоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ бид цаашид инноваци, технологийн салбарын санхүүжилтийг зорилтот түвшинд хүргэх, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс гадна зөвхөн улсын төсвийн санхүүжилтээр дэмжих гэхээсээ илүү төр инновацыг хөгжүүлэхтэй холбоотой харилцан ашигтай, таатай нөхцөл бүхий хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг дэмжсэн эрх зүйн зохицуулалтыг хийнэ. Шинжлэх ухаан, инноваци, технологийн судалгаа шинжилгээ болон эрдэмтэн судлаачдын нөөцөд тулгуурлан төр-хувийн хэвшлийн хамтын түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлэхэд идэвх санаачилга гарган хамтран ажиллах боломжтой гэдэгт итгэлтэй байна хэмээн онцолсон.

 

Ерөнхий сайдын зөвлөх Л.Цэдэвсүрэн “Аж үйлдвэрийн IV хувьсгал болох цахим шилжилт-дижитал хувьсгалд зэрэгцэн хөгжих, мэдлэгийн эдийн засгийг эрчимжүүлэх боломж нь шинжлэх ухаан, технологи-үйлдвэрлэл-хамтын түншлэлд суурилсан эдийн засгийн чадамжтай, дижитал технологид бүрэн шилжих боломжийг бүрдүүлэх явдал бөгөөд Засгийн газар ч энэ чиглэлд  онцгойлон ач холбогдол өгч байгаа” гэсэн юм.

Өнөөдрийн арга хэмжээний үеэр БШУЯ-ны Инноваци, технологийн газрын дарга Д.Одгэрэл “Үндэсний инновацын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын бодлого, зорилт” сэдвээр илтгэл тавилаа. Мөн “Цахим технолги, дижитал шилжилт”, “Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци”, “Био технологи-анагаах ухаан”, “Хүнс, хөнгөн үйлдвэр, дэд бүтцийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци”, “Соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл”, “Гарааны бизнесийг дэмждэг үндэсний экосистемийн жишиг загвар” сэдэвт салбар хуралдаан боллоо. 

Өнгөрсөн хугацаанд мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд багагүй анхаарч Инновацын хууль тогтоомж, Төрөөс инновацын талаар баримтлах бодлого, Үндэсний инновацыг хөгжүүлэх хөтөлбөрийг шинэчлэн батлах, Инновацын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тогтоож, хөрөнгө нөөцийг төвлөрүүлэх боломжийг бий болгох зэрэг инновацын хууль, эрх зүйн шинэчлэлийг үндсэндээ бүрдүүлээд байна.

 

2020 оны байдлаар шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагаанд яам агентлагийн харьяа 17, Шинжлэх ухааны академийн харьяа 14, их дээд сургууль 31, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж 6, нийт 68 эрдэм шинжилгээний байгууллага оролцож, тэдгээрт 6,109 ажилтан ажиллаж байгаагийн 2,877 буюу 47,1 хувийг эрдмийн зэрэг, цолтой албан хаагчид эзэлж байна.

Улсын төсвийн санхүүжилтээр суурь судалгааны 265, хэрэглээний судалгааны 78, туршилт зүгшрүүлэлтийн 10 төсөл, нийт 353 төслийг холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн дэмжлэг үзүүлсэн байна. Судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд өнөөдрийн байдлаар шинэ технологи 64, биет бүтээгдэхүүн 84, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зэрэг патент 133, гадаад дотоодод нийт хэвлүүлсэн бүтээл 11,033, үүний 693 нь импакт фактор өндөртэй эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн бүтээл эзэлж байна.

 

Эх сурвалж: БШУЯ