Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

"E-Barimt-д зорчилтоо уншуулахад хувийн мэдээллийг авах нь технологийн хувьд боломжтой, цаашид сөрөг асуудал үүсгэж болзошгүй"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийн "Иргэний, улс төрийн эрх, эрх чөлөө" хэмээх гуравдугаар бүлгийг ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа өнөөдөр танилцууллаа. Мөн илтгэлийн бүтэц, цаашид хэрхэн сайжруулах талаар шүүмжлэгчид саналаа хэлж, хэлэлцүүлсэн юм. 

Илтгэлд коронавируст халдвар авсан хүн, түүний ойрын болон дам хавьтлыг тогтоох замаар халдварын  тархалтыг  хязгаарлах, нийтийн  эрүүл  мэндийг  хамгаалах  нь  КОВИД-19  цар тахлын үед төрөөс авах  нэн чухал арга хэмжээ боловч хүний хөдөлгөөнийг хянах, халдвар авсан хүмүүсийн хавьтлыг илрүүлэхэд хувь хүний нууц, хувийн орон зайд гарцаагүй шаардлагатайгаас илүү хэмжээнд халдах ёсгүй. Хувийн нууцыг хууль бусаар задруулсан гэмт үйлдэл, хүний эрхийн зөрчил КОВИД-19 цар тахлын үеэр түгээмэл гарч байна хэмээн онцолсон байна. 

Түүнчлэн халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор хөдөлгөөн хянах технологи ашиглаж байгаа нь эрх зүйн зохицуулалтгүй, их хэмжээгээр цугларч байгаа хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалж, ашиглаж байгаа нь тодорхойгүй. КОВИД-19 цар тахлын  үед гамшгийн  удирдлагыг хэрэгжүүлж байгаа байгууллагын бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд өгч буй мэдээлэл хангалтгүйгээс хүний эрх, эрх чөлөө  зөрчигдөх,  иргэдэд  хүндрэл, чирэгдэл  учруулах  тохиолдол  гарч  байна. Улсын онцгой  комисс, эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн үндэслэл олон нийтэд ойлгомжгүй, салаа утгатай, хурдан өөрчлөгдөж байгааг цохон тэмдэглэжээ. 

Энэ талаар Нагояагийн их сургуулийн судлаач, мэдээлэл зүйн ухааны доктор М.Отгонпүрэв өөрийн саналыг хэлэхдээ "Иргэдийн зорчилт хөдөлгөөнийг хянах зорилгоор гаргасан E-Barimt аппликэйшнд тулгуурлан системд цугласан мэдээллийг ямар хүн яаж үзэж шалгах процесс тодорхойгүй. Мөн датагаа тодорхой хугацаанд устгасан эсэх нь ч ил тод биш байгаа. Хэдийгээр хувийн мэдээллийг шалгах боломжгүй гэж байгаа ч технологийн хувьд бүрэн боломжтой байна. Цаашид энэ нь олон сөрөг асуудал үүсгэж болзошгүй.

E-Barimt аппликэйшндээ нэвтэрч оролгүйгээр уншуулах боломжтой. Гэвч тухайн төхөөрөмжийн холболтоор нь явсан зам, санхүүгийн мэдээллийг нь авч болохуйц байгаа юм. Сүүлд COVID-19 Ersdel системийг идэвхжүүлсэн нь E-Barimt-ийн сул талыг нөхсөн гэж харж байна. Учир нь E-Barimt аппликэйшнд явсан газруудаа л бүртгэдэг. Тухайн газарт байсан гэдэг нь тэр хүн халдвар авах эрсдэлд орсон гэдгийг нотлохгүй. Харин COVID-19 Ersdel системээ идэвхжүүлж, bluetooth-ээ асааснаар сэжигтэй тохиолдол, халдвар илэрсэн иргэнтэй ойр байгаа тохиолдолд дохио ирүүлдэг нь давуу талтай" гэсэн юм.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь удаагийн илтгэлийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон бөгөөд Хүний эрхийн үндэсний комиссоос дараах саналуудыг мөн гаргажээ.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн үед тусгаарлан ажиглах байранд байгаа иргэд сонгох эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх;
  2. Монгол Улсын иргэний эх орондоо эргэн ирэх эрхийг баталгаатай эдлүүлэх, хилийн чанадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдэд туслах сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэх;
  3. Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахда ийм арга хэмжээнд өртөж болзошгүй иргэдийн амь нас, эрүүл мэнд, амьжиргаанд хохирол учруулахгүй байх арга хэмжээг төлөвлөж, мэдээллийг ойлгомжтой, тодорхой, хүртээмжтэй, шуурхай хүргэх гэсэн байна.

 

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийг энд дарж уншина уу.