Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Мексик бүсгүй 2021 оны “Ертөнцийн мисс”-ээр шалгарлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн үдэш АНУ-ын Флоридад болж өнгөрсөн “Miss Universe 2021” наадмын ялагчаар Мексик улсын гоо бүсгүй шалгарчээ.

26 настай Андреа Мезатай хамт сүүлчийн шатанд Бразил, Перу улсын гоо бүсгүйчүүд өрсөлдсөн байна. Найман эмэгтэйгээс бүрдсэн шүүгчдийн зөвлөл тэдгээрээс Мексикийн гоо бүсгүйг шилдгээр шалгаруулсан юм.

Дэлхийн 70 гаруй орны гоо бүсгүйчүүд оролцсон 69 дэх удаагийн “Miss Universe” наадмын шалгаруулалт Флорида мужийн Холливүүд хотын Hard Rock Hotel & Casino төвд болсон байна. 2020 оны наадам коронавирусийн цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй өнгөрсөн юм.

 
Мексикийн мисс Андреа Меза

Энэ удаагийн наадмын үеэр Мьянмар, Сингапур улсын оролцогчид тайзан дээрээс улс төрийн агуулгатай мэдэгдэл хийж, үзэгчдийн анхаарлыг татсан байна. Тухайлбал шилдэг 21 бүсгүйд шалгарсан Мьянмарын мисс үндэсний хувцасны үзүүлбэрийн үеэр “Pray for Myanmar” бичигтэй самбар барьж тайзан дээр алхсан бол Сингапурын мисс “Stop Asian Hate” уриаг үзүүлж, Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг байгаагаа илэрхийлжээ.

Сүүлийн жилүүдэд “Miss Universe” наадам бүсгүйчүүдийг гоо үзэсгэлэнгээр нь өрсөлдүүлэхээсээ илүү хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд анхаарал хандуулдаг болоод байгаа.

 
Мьянмарын мисс
 
Сингапурын мисс

 

Эх сурвалж: AFP