Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Израйль, Палестины удирдагчидтай утсаар ярьжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден зэвсэгт мөргөлдөөнөө үргэлжлүүлж байгаа Израйль, Палестины удирдагчитай тус тусад нь утсаар ярьжээ.

Талуудын хооронд өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагаас эхлэн агаарын тулаан үргэлжилж байгаа бөгөөд Газын зурваст 200 орчим хүн алагдаад байна.

Жо Байден эхлээд Израйлийн ерөнхий сайд Бенжанин Нетаньяхутай ярихдаа Хамас болон бусад террорист байгууллагын зүгээс явуулж буй пуужингийн довтолгооноос Израйль улс өөрийгөө хамгаалах эрхтэй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Үүнээс гадна хоёр талд амиа алдсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буйд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн өдрүүдэд Палестины засаг захиргаанд байдаг Газын зурвасаас Хамас бүлэглэл олон тооны пуужинг Израйлийн захиргааны нутаг дэвсгэр рүү харваж, хариуд нь Израйлийн тал Газын зурваст агаарын цохилт өгч байгаа юм.

Палестины мэдлийн зүүн Йерусалемаас арабуудыг албадан нүүлгэж, оронд нь жүүд иргэдийг суурьшуулах болсноос уг мөргөлдөөн эхэлж байв.

Жо Байден бас Газын зурвас дахь The Associated Press, Al Jazeera зэрэг олон улсын томоохон мэдээллийн агентлагуудын ажлын байр Израйлийн агаарын довтолгоонд өртсөнд санаа зовж байгаагаа Нетаньяхуд илэрхийлжээ.

Дараа нь АНУ-ын ерөнхийлөгч Палестины өөртөө засах засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай ярихдаа Израйль руу пуужин харваж байгаа Хамас бүлэглэл галаа нэн даруй зогсоох шаардлагатай байгааг анхааруулсан байна.

Байден хоёр удирдагчидтай ярихдаа хоёуланд нь Израйль-Палестины зөрчлийг шийдэх эцсийн арга бол “хоёр тусгаар улс байгуулах шийдэл юм” гэж мэдэгджээ.

Ням гарагт Израйлийн армийн агаарын довтолгоо үргэлжилж, Газын зурвас дахь гурван орон сууцийг газрын хөрстэй тэгшилсний улмаас 42 хүн алагдаж, олон арван хүн шархдсан байна.

Даваа гарагаас хойш Газын зурваст нийтдээ 192 хүн алагдсаны дотор 58 хүүхэд, 34 эмэгтэй байгаа бол Изралийн талд арван хүн алагдсаны хоёр нь хүүхэд байжээ.

 

Эх сурвалж: AFP