Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваньд коронавирусийн цар тахал эхэлсэн цагаас хойш анхны томоохон дэгдэлт гарлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахлыг аралдаа нэвтрүүлэлгүй зогсоож чадсан хэмээн дэлхий дахинд гайхагдаж байсан Тайваньд нөхцөл байдал огцом мууджээ.

18 сарын турш дотоодод нь томоохон голомт илэрч байгаагүй тус улсад нэг хоногийн дотор халдварын 180 шинэ тохиолдол нэмэгдсэн тухай Бямба гарагт зарласан байна.

Эдгээрийн 132 нь эх үүсвэр тодорхойгүй байгаа ажээ.

24 сая хүн амтай Тайваньд одоогоор нийт 1,470 орчим тохиолдол бүртгэгдээд байгаагийн ихэнх нь гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлууд байв.

Өчигдөр тус улсын засгийн газар нийслэл Тайпэй орчмын бүс нутагт аюулгүй байдлын зэрэглэлийг хоёрдугаар түвшнээс гурав дугаар түвшинд шилжүүлжээ.

Тайваньд аюулгүй байдлын зэрэглэлийг дөрвөн түвшинд хуваадаг бөгөөд хамгийн сүүлийн дөрөвдүгээр түвшинд шилжихэд хатуу хөл хорио тогтоодог байна.

Шинэ дэглэм Бямба гарагийн үдээс хойш эхэлж, тавдугаар сарын 28 хүртэл үргэлжлэх ажээ.

Ингэснээр иргэд олон нийтийн газарт явахдаа амны хаалт заавал зүүх, гадаа орчинд 10-аас дээш, дотоод орчинд 5-аас дээш хүн цугларахыг хориглох, онц шаардлагагүй бизнесийн үйл ажиллагааг хориглох зэрэг арга хэмжээг авч байна.

Ресторан, хоолны газрууд танхимаар үйлчлэхгүй, энтертайнмэнт үйлчилгээнүүд, шашны үйл ажиллагаанууд хаагдахаар болжээ. Гэхдээ нэг дор цугларах хүмүүсийн хязгаар сургууль, ажлын байранд үйлчлэхгүй юм байна.

Шинэ дэглэмд шилжсэний дараа Тайпэй хотын супермаркетуудын ачаалал нэмэгдэж, лангуунууд хоосорч, барааны хомсдол үүсчээ.

Долоон өдөр дараалан өдөрт 100-аас дээш халдварын тохиолдол бүртгэгдвэл аюулгүй байдлын зэрэглэлийг дөрөвдүгээр түвшинд шилжүүлэхийг Тайваний эрүүл мэндийн сайд Чэн Ши Чун мэдэгдсэн байна.

Ирэх долдугаар сард дотооддоо хөгжүүлсэн коронавирусийн эсрэг анхны вакцинтай болох гэж байгааг Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн өнгөрсөн Баасан гарагт мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian