Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарихад 30-аас дээш хүн оролцуулахгүй"

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ  жил бүрийн хавар, намрын мод тарилтыг голлон зохион байгуулдаг. Энэ хаврын мод тарилт маргаашаас буюу тавдугаар сарын 15-наас эхэлж, зургаадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Цар тахлаас шалтгаалж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хаврын мод тариалалтыг нэгдсэн арга хэмжээ зохиох байдлаар тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гарсан.

Харин “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан 30-аас дээш хүн цуглуулахгүйгээр зохион байгуулах юм. Энэ хаврын мод тарилтаар 7 төрөл зүйлийн 3,000 ширхэг мод тарихаар төлөвлөсөн. Мөн иргэдийг өөрсдийн амьдарч байгаа орчиндоо мод тарьж хэвшихийг уриалж байгаа. 

Өнгөрсөн хугацаанд 32 зүйлийн 140 мянга орчим мод тарьсан нь өдгөө 98.5 хувийн ургалттай байна. Тэгвэл энэ жил модны төрөл зүйлийг нэмэх, ногоон байгууламжийг тэлэхээр ажиллаж байгааг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул хэллээ. Мөн тэрбээр иргэдийг тав тухай амрах нөхцөл бүрдүүлэхээр зүлэгжүүлэлтийн ажил хийхээр төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлэд мод тарих ажил онцгой үүрэгтэй.