Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс анх удаа судалгааны станцаа Ангараг гарагт буулгахаар бэлдэж байна

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Ангараг гарагт судалгааны станц буулгах нь маш хэцүү ажил бөгөөд өнөөдрийг хүртэл гарсан оролдлогуудын тал нь амжилттай болсон гэдэг.

Тэгвэл Хятад улсын Тянвэн-1 хөлөг анх удаа станцаа Ангарагт буулгахаар бэлдэж байгаа тухай сансар судлаачдын эх сурвалжууд мэдээлжээ.

Хэрвээ оролдлого амжилттай болбол Хятад улс нь АНУ, ЗХУ-ын дараа Ангарагт газардаж чадсан дэлхийн гурав дахь улс болох юм. Бас 1971 онд ЗХУ-ын станц газардсанаас хойш анх удаа NASA-гийн бус станц газардсан тохиолдол болох ажээ.

Өөр нэг онцлог нь Хятад улс тойрог замын станц, газардагч станц, өөрөө явагч станц гурвыг нэг аяллаар хамтад нь Ангарагт илгээсэн анхны улс болно.

Тянвэн-1 хөлөг 2020 оны долдугаар сард дэлхийгээс хөөрч, энэ оны хоёрдугаар сард Ангарагийн тойрог замд орсон юм.

Одоо уг хөлөг газардагч станц болон өөрөө явагч станцыг агуулсан капсулыг өөрөөсөө салгаж, Ангарагийн агаар мандалд оруулах ажээ. Газардах оролдлогыг Улаанбаатарын цагаар маргааш өглөө гүйцэтгэх төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Гэхдээ Хятадын Сансар Судлалын Үндэсний Газар энэхүү оролдлого хэзээ эхлэх талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа.

Хятадын станц Ангараг гарагийн Utopia Planitia гэж нэрлэгддэг газарт буухаар төлөвлөгджээ. Энэ нь эртний галт уулын чулуулгаар дүүрэн тэгш тал газар юм. Хөрсөн дор нь усны нөөц байх магадлал өндөр.

Ирээдүйд Ангараг гарагт хүн газардвал үүнийг уух унд, амьсгалах хүчилтөрөгч гаргахад ашиглахаас гадна буцах пуужингийн шатахуунд ашиглах боломжтой. Харин дэлхийгээс хоёр талын аялалд хэрэглэх хүчилтөрөгч, ус, шатахууныг тээвэрлэж явах боломжгүй юм.

Хятадын робот станц Ангарагийн усны нөөцийг судлахаас гадна хөрсний дээжийг нь энэ оны сүүлээр дэлхийд авчрахаар төлөвлөжээ.

Гэхдээ энэ бүхний өмнө Ангараг гарагт амжилттай газардах нь нэн тэргүүний асуудал юм.

Дэлхийтэй харьцуулахад маш сийрэг агаар мандалд нь орсон цагаас эхлээд газардах хүртэл долоон минутын хугацаа шаарддаг бөгөөд NASA-гийн мэргэжилтнүүд үүнийг “аймшигт долоон минут” гэж нэрлэдэг байна.

Агаар мандалд орсон капсул нь дотрох станцаа аюулгүй газардуулахын тулд Цельсийн 1,000 гаруй хэмийн халууныг тэвчих чадвартай байх ёстой. Уналтыг удаашруулахын тулд эхлээд том шүхэр дэлгэх ба сүүлчийн шатанд тийрэлтэт хөдөлгүүрүүдийг ажиллуулж Ангарагийн хөрсөн дээр зөөлөн газарддаг байна.

 

Эх сурвалж: Tech Insider