Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмарын гоо бүсгүй болж байсан эмэгтэй зэвсэг барьж, партизаны бүлэгт нэгджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Азийн Мьянмар улсад энэ оны хоёрдугаар сарын 1-ний үүрээр төрийн эргэлт гарч, армийнхан бүх эрх мэдлийг аваад байгаа билээ.

Тус улсын том хотуудад цэргийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл хөдөлгөөн тасрахгүй байна. Үүнээс гадна Мьянмарын зах хязгаар нутагт үндэсний цөөнхийн зэвсэгт бүлэглэлүүд цэргийн дэглэмийн эсрэг партизаны дайн явуулж байгаа.

Тэгвэл тус улсын тэргүүн гоо бүсгүйгээр шалгарч байсан эмэгтэй ийм зэвсэгт тэмцэлд нэгдсэн тухайгаа саяхан сошиал хуудсандаа мэдээлжээ.

Тар Тет Тет нь 2013 онд Тайланд улсад зохион байгуулагдсан Miss Grand International олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байв.

Одоо 32 настай, гимнастикийн багш мэргэжилтэй тэрбээр Фэйсбүүк хуудсандаа “Тэмцэх цаг ирлээ. Буу зэвсэг, үзэг, компьютерийн гар, хандивын мөнгө гээд хүн бүр өөр өөрийн чадах зүйлээр ардчиллын төлөө тэмцэх хэрэгтэй” гэж бичжээ.

Мисс бүсгүй бас твиттер хуудсандаа Латин Америкийн хувьсгалч Че Геварагийн “Хувьсгал бол болохоороо унадаг алим биш. Үүнийг чи өөрийн хүчээр унагах ёстой” гэсэн үгийг бичээд өөрийн автомат буу үүрсэн зургийг нийтэлсэн байна.

Өнгөрсөн Мягмар гараг нь Мьянмарт цэргийн дэглэм тогтсоноос хойших 100 дахь өдөр байжээ. Энэ хугацаанд цэргийнхэн 783 энгийн иргэний амийг хөнөөж, 3,859 хүнийг баривчлан хорьсон тухай Association for Political Prisoners олон улсын байгууллага мэдээлсэн байна.

Цэргийн эрхтнүүд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн үр дүнг хүчингүй гэж үзээд төрийн эрхийг булаасан юм. Тус сонгуулиар Аун Сан Сү Чигийн тэргүүлдэг Ардчиллын Төлөө Үндэсний Лиг нам парламентад үнэмлэхүй олонх болоод байв.

 

Эх сурвалж: AFP