Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Ганбат: ЭЕШ-ын сэдэв задрах боломжгүй. Хуулийн байгууллагын хяналт дор ажиллаж байна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлын талаарх мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг үндсэндээ бүтэн жилийн хугацаанд зохион байгуулдаг. Тэр утгаар шалгалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаад явж байна. Энэ жилийн ЭЕШ-д нийт 40,420 хүүхэд бүртгүүлсэн.

Бүртгэлийн статистикаас онцлон харвал: 

  • Өнгөрсөн жил төгссөн ч энэ жил дахин ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчийн тоо 8,000 гаруй болж өмнөх жилүүдээс өссөн. Өмнөх онуудад 3,000 гаруй хүүхэд бүртгүүлдэг байв. Өөрөөр хэлбэл дахин их дээд сургуульд элсэхээр шалгалт өгч байгаа хүүхдүүд энэ жил их байгаа онцлогтой.
  • Энэ жил математик, англи хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлийг нийт бүртгүүлэгчийн 60-70 орчим хувь нь сонгосон онцлогтой. 
 

ЭЕШ-ыг үнэн зөвөөр зохион байгуулахын тулд Боловсролын үнэлгээний төвөөс ЦЕГ-ын тусгай хамгаалалтын газар болон ТЕГ-тай хамтран нууцлал, аюулгүй байдлыг хангахаар ажилладаг. ЭЕШ-ын сэдэв даалгаврыг боловсруулахаас эхлүүлээд шалгуулагчийн гар дээр материал очих хүртэлх үйл явц хүчний байгууллагуудын хараа хяналтад явагддаг тул сэдэв задрах зэрэг сөрөг үр дагавар гарах боломжгүй.

Энэ жилийн 12 дугаар анги төгсөгчид ихэнх хугацааг цахимаар хичээллэж өнгөрүүлсэн онцлогтой тул ЭЕШ-ын сэдэв, даалгаврын агуулга дээр нь ач холбогдол өгч зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл, ЭЕШ-ын даалгаврын агуулгын хүрээг хичээл бүрээр гаргаж өгсөн. Жишээ нь 2021 оны ЭЕШ-ын математикийн шалгалт 40 даалгавартай ба эдгээр нь дотроо ийм агуулгатай байна гээд илүү нарийвчлалтай гаргаж өгсөн юм. Иймээс гаргаж өгсөн агуулга, сэдвийнхээ хүрээнд багш нар танхимаар давтлага өгөх үеэрээ хүрээнд сурагчдаа бэлдүүлбэл илүү амар байна байх. Нөгөө талдаа сурагчид энэ жил ЭЕШ-даа амжилт үзүүлэх боломжтой гэж харж байна" хэмээв. 

Тавдугаар сарын 20-ноос эхлэн суудлын хуваарь зарлах тул сурагчид хэвлэж авах боломж нээгдэнэ. Энэ нь тухайн сурагч хаана очиж, аль ангид, ямар суудал дээр сууж шалгалтаа өгөх вэ гэх мэдээлэл бүхий хуудас аж.