Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла компани Биткоины хэрэглээг түдгэлзүүлж байгааг Илон Маск зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Тесла компани өөрийн үйлдвэрлэсэн автомашиныг худалдахдаа биткоиныг төлбөр тооцоонд ашиглахыг зогсоож байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск саяхан зарлажээ.

Ингэхдээ биткоиноос бүрмөсөн татгалзаагүй, харин биткоины олборлох үйл ажиллагааг нүүрсээр биш, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрээр хангадаг болсон цагт дахин хэрэглэж эхлэхээ мэдэгдсэн байна.

“Криптовалют бол ирээдүйтэй, зөв санаачилга гэдэгт бид итгэдэг. Гэхдээ үүний төлөө байгаль орчноо золиослох боломжгүй юм” гэж Илон Маск твиттер хуудсандаа бичжээ.

Тесла компани бас өөрийн дансанд байгаа биткоины нөөцийг эрчим хүчний шилжилт хийх хүртэл зарахгүй хадгалах гэнэ.

Мөн Биткоины нэгж гүйлгээнд зарцуулдаг эрчим хүчний 1 хувиас бага эрчим хүч зарцуулдаг бусад криптовалютыг ашиглах талаар судлахаа мэдэгджээ.

Одоогоос хоёр сар орчмын өмнө Тесла өөрийн үйлдвэрлсэн цахилгаан хөдөлгүүрт автомашиныг биткоиноор худалдаж эхлэхээ зарлаж байв. Гуравдугаар сарын сүүлчээр тус компани бэлэн мөнгөний нөөцөөөсөө $1.5 тэрбумыг гарган биткоин худалдан авч байжээ.

Илон Маскын мэдэгдлийн дараа биткоины ханш $54,600 орчмоос огцом унаж, $50,000 хүрэхгүй хэмжээнд хүрсэн байна.

2021 оны гуравдугаар сарын байдлаар Биткоин олборлох үйл ажиллагаанд нийтдээ 129 терават/цаг эрчим хүч хэрэглэж байгааг судлаачид тооцоолжээ. Энэ нь Норвеги улсыг бүтэн жилийн турш хангах хэмжээний эрчим хүч юм.

 

Эх сурвалж: Russia Today