Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Covid-19 өвчнөөр нас барсан хүмүүсийн шарилыг Ганга мөрөнд урсгах болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хэдхэн өдрийн дотор Энэтхэг улсын Уттар Прадеш мужийн Гахмар хотын ойролцоо Ганга мөрний уснаас 50 гаруй хүний цогцос олдоод байна.

Эрэгт ил гарсан цогцоснууд үмхийрч муудаад байсныг нутгийн иргэд мэдээлсний дагуу орон нутгийн цагдаа нар 25-30 орчмыг нь уснаас гаргаж оршуулжээ.

Үүнээс гадна Бихар, Уттар Прадеш мужуудын зааг дээрх голын эрэг дагуу нийт 50 орчим цогцос олдсон тухай Даваа гарагт албаныхан мэдэгдэж байв.

Гол мөрний сав дагуу олдсон цогцосны тоо нийтдээ 100 даваад байна. Тэдгээрийг Covid-19 өвчнөөр нас барсан хүмүүсийн цогцос гэсэн урьдчилсан дүгнэлтийг хийжээ.

Энэтхэг улсад өнөөдөр коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгаа эрчимжиж, халдвар авсан хүний тоо 22 саяыг давж, 250,000 шахуу хүн нас бараад байгаа.

Тус улсын түүхэнд ямар нэг тахлын үеэр талийгаачдын шарилыг Ганга мөрөнд урсгах тохиолдол түгээмэл байжээ.

1918 онд дэгдсэн Испани ханиадны үеэр мөн ийм үзэгдэл гарч байсныг яруу найрагч Сурякант Трипати бичсэн байдаг. Трипати нь өнөөдрийн Уттар Прадеш мужийн нэг тосгонд амьдарч байсан хүн юм.

Яруу найрагч тухайн үед эхнэр, төрөл төрөгсдөө алдаж байжээ. Хорь дугаар зууны эхэнд дэлхий дахинд дэгдсэн Испани ханиадаар Энэтхэгт 17-18 сая хүн нас барсан гэдэг тоо бий.

Нас барсан хүмүүсийг чандарлах мод түлээ ховор байсны улмаас олон хүний шарилыг Ганга мөрөнд урсгаж байсныг Британийн колонийн засаг захиргааны төлөөлөгч Норман Уайт дурсамждаа бичиж байжээ.

 

Эх сурвалж: BBC