Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

О.Амартүвшин: Эдийн засгийн их сэргэлтийг авчрахад бүгд нэг цэгээс шинээр эхлэх шаардлагатай

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Цар тахлын нөлөөгөөр манай улс дахь 27 мянган компанийн үйл ажиллагаа зогсож, 500 гаруй мянган хүн ажлын байргүй болов.

Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж буйгаар коронавирусийн тархалтаас улбаатай энэ удаагийн нийгэм, эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэй хямралд тооцогдож байгаа тул эдийн засагт “Great reset” буюу их сэргэлт хийхийг уриалсан билээ. 

Үүний хүрээнд "Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт" санаачилгыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнөөдөр танилцууллаа.

Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харвал Дэлхийн банк групп Монгол Улсын бодит ДНБ 2021 онд 6.8%-иар, 2022 онд 7.2%-аар тэлнэ гэж таамаглаж байгаа билээ. Өнгөрсөн онд Монгол Улсын нийт экспортын 93%-ийг уул, уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлсэн гэдгийг танилцуулшынхаа өмнө МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин тодотголоо.

График. Монгол Улсын ажилгүйдлийн түвшин /нийт ажиллах хүчинд эзлэх хувь/

 
МҮХАҮТ

Албаны тооцооллоор Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.3 хувь болж буурсан ч Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2020 онд 94.4 тэрбум төгрөг болж өмнөх оноос ойролцоогоор хоёр дахин өссөн нь ажилгүйдлийн тэтгэмж хүртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн болохыг харуулж байна.

 
МҮХАҮТ

МҮХАҮТ-аас бизнесийн орчныг эдийн засаг, засаглал хууль эрх зүй, дэд бүтэц технологи, нийгэм соёл, байгууллагын дотоод орчин гэсэн ерөнхий таван үзүүлэлт, дэд 12 үзүүлэлтээр авч үзэхэд Монголын бизнесийн орчны ерөнхий үнэлгээ нь 2.91 буюу дунд гэж үнэлэгдсэн билээ. 

Хатуу хөл хорионы үед аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулахад давхардсан тоогоор судалгаанд оролцогчдын 50-аас дээш хувь нь татвар (НӨАТ)-ын хөнгөлөлт, чөлөөлөлт, НДШ-ийн төлбөрийг хөнгөлөх, төлөх хугацааг хойшлуулах, бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгох шаардлагатай гэж хариулсан байдаг. 

График. Бизнесийн орчиныг сайжруулахад нэн тэргүүнд хэрэгжүүлбэл зохих арга хэмжээ (хариултын хувиар)

 
МҮХАҮТ

График. Хатуу хөл хорионы үеийн бизнесийн нөхцөл байдлын судалгаа (2020 оны арваннэгдүгээр сард)

 
МҮХАҮТ

МҮХАҮТ-аас эдийн засагт "Их тохируулга" хийх санал гаргав

Энэ бүгдээс харвал "Нийгэм, эдийн засгийн сэргэлтийг шинээр авч ирэхийн тулд гарааны цэгээ шинээр эхлэх хэрэгтэй. Хатуу хөл хорионы улмаас 27 мянган компанийн үйл ажиллагаа бүрэн зогсчихсон, 500 гаруй мянган хүн ажлын байргүй болсон байна. Эдгээр компанийн үйл ажиллагаа энэ янзаараа хэвийн түвшинд хүрнэ гэвэл их хугацаа алдана. Иймээс бүх төрлийн татварын өршөөлт, хариуцлагаас чөлөөлөх хойшлуулах нь зүйтэй. Эдийн засгийг дэмжихэд нэгт экспортоо нэмэгдүүлэх, хоёрт хөрөнгө оруулалт татах хоёр зам бий. Монгол Улс юун түрүүнд хувийн хэвшилдээ итгэл төрүүлж, хамтын ажиллагаагаа зөв дэмжих нь чухал. Манай улсад өнөөдөр гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих бие даасан институт байхгүй тул Эдийн засаг, худалдааны яамыг нэн тэргүүнд яаралтай байгуулах хэрэгтэй" гэдгийг "Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт" санаачилгын танилцуулгын үеэр МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин онцлон хэлсэн билээ. 

“Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгын саналын тухайд:

A. Цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өршөөлийг нэг удаа үзүүлэх

B. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах

C. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын тогтолцоонд эрс шинэчлэл хийх, хувьчлах

D. Зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргаж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох

E. Эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгжийг байгуулах хэрэгтэй гэв. 

Худалдааны яам байгуулах тухайд:

  • Энгийн ойлгомжтой засаглалын бүтэц төлөвлөлтөд хяналт тавих, хувийн хэвшлийн манлайлалд суурилах, экспорт, худалдааны  чиг үүрэгтэй
  • Төлөвлөлтийн баг нь мэргэжлийн менежер, өндөр ур чадвартай хувийн хэвшлийн баг, төрийн бусад яамдтай харилцааг зохицуулах төрийн албаны менежерүүд, дотоод гадаадын мэргэшсэн зөвлөхүүд
  • Өдөр тутмын хариу үйл ажиллагаа, их сэргэлтийг хийх арга хэмжээний төлөвлөгөөг удирдан зохицуулж OKR төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлийг удирдах
  • Эдийн засгийн салбаруудыг кластер хэлбэрээр зохион байгуулж, OKR төлөвлөгөөтэй уялдуулан экспорт, худалдааг хөнгөвчлөх чиглэлд хуваан төлөвлөх аж. 
OKR хэрэгжүүлэлтийн баг нь хөтөлбөрийг ач холбогдлоор нь эрэмбэлж, Benefits/Strategic Fit -үр ашиг ба төслийг чанар, нөлөөллөөр хэмжих стратеги, Feasibility - хэрэгжүүлэх боломжоор нь харьцуулан эрэмбэлж зорилтуудыг хэрэгжүүлэх аж.

Ийнхүү Эрчимтэй хөгжлийн экспортын бодлого хэрэгжүүлж 2025 он гэхэд ДНБ-ны хэмжээг ~30 тэрбум ам.долларт хүргэх зайлшгүй шаардлагатай байгааг тэрбээр хэллээ. 

 
МҮХАҮТ