Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Нарны системээс гарч явсан NASA-гийн хөлөг хүнгэнэсэн чимээг бичиж авснаа дэлхийд ирүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
NASA-гийн Voyager 1 хөлөг

1977 оны есдүгээр сард дэлхийгээс хөөргөсөн NASA-гийн Voyager 1 хөлөг есөн жилийн өмнө нарны системийн хил хязгаараас гарч, одод хоорондын орон зайд шилжсэн юм.

Одоо уг хөлөг дэлхийгээс 22.7 тэрбум километрийн зайд аялж яваа. Энэ нь дэлхий, нар хоёрын хоорондын зайнаас 152 дахин хол гэсэн үг юм.

44 жил тасралтгүй аялж буй Voyager 1 хөлөг одоо сансрын уудамд хамгийн хол байгаа хүний гараар бүтсэн биет болж байна.

Тэгвэл уг хөлгийн мэдрэгчүүд тасралтгүй хүнгэнэх өвөрмөц чимээг бичиж авснаа дэлхийд ирүүлснийг эрдэмтэд саяхан мэдээлжээ.

Энэ чимээ нь одод хоорондын орон зай дахь плазмын долгионы урсгалаас үүсэлтэй юм байна. Өөрөөр хэлбэл энэ орон зай огт хоосон биш, тодорхой хэмжээний хий агуулж байгаа гэсэн үг юм.

“Бидний илрүүлсэн тогтмол плазмын долгион нь хүний чихэнд сонсогдохооргүй маш сул хэмжээтэй. Хэрвээ бид сонсож чадвал энэ нь хөгжмийн нэг нотыг тасралтгүй тоглож байгаатай адил байх юм” гэж Корнеллын их сургуулийн астрономич, судалгааг ахалсан Стелла Кок Окер ярьжээ. Уг долгионы давтамж нь 3 килогерц орчим юм байна.

Түүний судалгааны тайлан Nature Astronomy сэтгүүлийн энэ долоо хоногийн дугаарт нийтлэгдсэн юм.

“Одод хоорондын орон зай дахь плазма нь маш сийрэг. Харьцуулбал тэнд шоо сантиметр тутамд 0.1 атом ноогддог бол бидний амьсгалж байгаа агаарын шоо сантиметр тутам олон тэрбум атом агуулдаг” гэж Окер тайлбарлаж байна.

Voyager 1 хөлөг боломжийнхоо хязгаарт тултал аялалаа цааш үргэлжлүүлэх бөгөөд ойрын арван жилийн дотор эрчим хүчний эх үүсвэргүй болж холбоо тасрах магадлалтайг судлаачид мэдээлжээ.

Гэхдээ уг хөлгийн хүрч чадсан хязгаараас цааш аялах чадвартай шинэ хөлгийг одоо зохион бүтээж байгаа юм байна.

 

Эх сурвалж: Reuters