Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын вакцинжуулалтын хөтөлбөрийг McDonalds, Uber компаниуд дэмжиж ажиллахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлж байгаа орнуудын нэг нь АНУ билээ. Гэхдээ сүүлийн өдрүүдэд вакцинжуулалтад хамрагдах хүний тоо цөөрсөн тул Цагаан ордон иргэдээ идэвхжүүлэх зарим арга хэмжээг хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Тухайлбал дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ McDonalds долдугаар сараас эхлэн бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодолд “We Can Do This” гэсэн АНУ-ын эрүүл мэндийн яамны уриа үгийг байршуулахаар болсон байна.

Мөн энэ сард багтаад тус компани Нью Йоркийн Таймс Скюарт вакцины талаар мэдээлэл дамжуулах том дэлгэцийг нээхээр болжээ.

Өчигдөр бас АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден такси захиалгын Uber, Lyft компаниудтай хамтран иргэдийн вакцинжуулах сэдлийг дэмжих ажлыг эхлүүлэхээр болсныг зарласан байна.

Тухайлбал дээрх компаниуд иргэдийг Америк даяар ажиллаж байгаа вакцинжуулалтын цэгүүдийн хамгийн ойрын цэгт үнэ төлбөргүй тээвэрлэн хүргэхээр болжээ.

Үнэ төлбөргүй такси үйлчилгээ энэ сард багтан зах зээлд нэвтрэх ба долдугаар сарын 4 буюу тусгаар тогтнолын баярын өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Америкийн компаниуд дархлаажуулалтыг түргэсгэж, эдийн засгийг бүрэн нээхийн тулд өөр өөрийн аргаар дэмжлэг үзүүлж байгаа. Тэдний зарим нь вакцин тариулахаар явах ажилтандаа цалинтай чөлөө олгох, бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгөөр урамшуулах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

Жо Байдены засаг захиргаа долдугаар сарын 4-ний тусгаар тогтнолын баярын өдөр АНУ-ын насанд хүрсэн хүн амын 70 хувийг вакцины ядаж эхний тунд хамруулах зорилт тавьсан юм.

Одоогоор энэ үзүүлэлт 45 хувьтай байна.

 

Эх сурвалж: Reuters