Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Манай улсад 20,000 сувилагч шаардлагатай. 2020 оны байдлаар 13,000 гаруй сувилагч ажиллаж байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна.

Дэлхий дахинд цар тахал дэгдээд буй энэ үед 20 сая гаруй сувилагч халдварын голомт, хариу арга хэмжээний баг, дархлаажуулалтын ажилд дайчлагдан ажиллаж байгаа юм. Харин манай улсын хувьд 2020 оны статистик мэдээллээр 13,000 гаруй сувилагч ажиллаж байна. Сувилагчийн тоо сүүлийн таван жил дараалан аажмаар өсөж байгаа. Тодруулбал, жилд дунджаар 500 сувилагчийн ажлын байр нэмэджээ.

Нэг сувилагчид ногдох хүний тоог бүсчилж харвал, Улаанбаатар хотод нэг сувилагчид 211 хүн ногдож байгаа нь хамгийн цөөн, харин хангайн бүсэд 298 хүн ногдож байгаа нь хамгийн олонд тооцогдож байна. Улсын дундаж 2020 оны байдлаар 246 байгаа нь өмнөх оноос дөрвөөр, таван жилийн өмнөхөөс 18-аар буурсан үзүүлэлт юм.

Сувилагчийн тоо нэмэгдэж, нэг сувилагчид ногдох хүний тоо буурч байгаа хэдий ч эмнэлгийн ачааллаас шалтгаалан 2019 оны байдлаар манай улсад 20,000 сувилагч шаардлагатай гэх судалгааг танилцуулж байв. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр 20,000 сувилагчийн ажлыг 13,000 гаруй сувилагч хийж байна гэсэн үг юм.

Сувилагч мэргэжилтэй боловсон хүчний дутагдал зөвхөн манай улсын асуудал биш бөгөөд ирэх 10 жилд дэлхий дахинд хамгийн ирээдүйтэй ажлын байрны жагсаалтад сувилагч багтаж буй. Тухайлбал, АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос тус улсын ажиллах хүчний тоо 2018-2028 оны хооронд хэрхэн өөрчлөгдөж болох урьдчилсан тооцоог гаргахад хамгийн ирээдүйтэй мэргэжлээр сувилагч нэрлэгдсэн байв.

Хамгийн сайн хийгдсэн роботын орлож, хийж чадахгүй мэргэжил бол сувилагч хэмээн үзсэн нь жагсаалтад тэргүүлэхэд нөлөөлсөн болов уу.

Цар тахалтай холбоотойгоор Монгол Улсад эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн. Үүний зэрэгцээ коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил бодит байдал дээр 20,000 хүний ажлыг хийж байгаа 13,000 гаруй сувилагчийн ачааллыг улам нэмэгдүүлж буй. 

Сувилагчийн ажлын үнэ цэнийг хамгийн ихээр мэдрүүлж буй цар тахлын энэ хүнд үед дэлхий нийтээрээ сувилагч нартаа талархаж байна.