Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын тал Австралийн оронд Туркменистаныг байгалийн хийн гол нийлүүлэгчээ болгох сонирхолтой байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Дипломат маргааны улмаас Австрали улстай хийдэг худалдааны хэмжээгээ Хятад улс багасгах бодлого баримталж эхэлсэн билээ.

Үүнд нүүрс, байгалийн хийн зэрэг эрчим хүчний бүтээгдэхүүний импорт багтаж байгаа.

Тэгвэл Хятадын гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн Даваа гарагт Шиань хотод Туркменистаны гадаад хэргийн сайд Рашид Мередов, шадар сайд Сердар Бердымухамедов нартай уулзахдаа байгалийн хийн импортыг нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлжээ.

Уулзалтын үеэр “Хятад улс Туркменистаныг байгалийн хийн урт хугацааны нийлүүлэгч гэж үзэж байгаа”-гаа Ван И илэрхийлсэн тухай Хятадын гадаад хэргийн яам мэдээлсэн байна.

Зөвхөн байгалийн хийн салбараар хязгаарлагдалгүй хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, техник технологийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхлоо бас илэрхийлжээ.

Ирэх нэг жилийн хугацаанд Австралиас шингэрүүлсэн байгалийн хий авахгүй байх чиглэлийг Хятадын компаниуд засгийн газраасаа авсан тухай Блүүмбэрг агентлаг Даваа гарагт мэдээлсэн юм.

Туркменистан одоо ч Хятадын хамгийн том хий нийлүүлэгчид тооцогддог, хоёр улсыг холбосон Төв Ази-Хятадын дамжуулах хоолой нь Бээжингийн эрх баригчдын хэрэгжүүлж буй Бүс ба Зам дэд бүтцийн аварга төслийн нэг чухал хэсэг болдог ажээ.

Уг хоолойг 2009 онд нээгдсэнээс хойш Хятад улс Туркменистанаас 240 тэрбум шоо метр байгалийн хий авсан нь нийт импортын 70 гаруй хувь болсон байна. Гэхдээ хоёр улсын хамтын ажиллагаанд саад бэрхшээл тулгарч байв. Тухайлбал 2018 онд үнэ тарифын маргаан гарснаас Туркмений тал нийлүүлэлтээ багасгаж байжээ.

Гэхдээ дараа жилээс нийлүүлэлт нь аажмаар сэргэж эхэлсэн юм.

Австрали улс өнгөрсөн онд Хятадын шингэрүүлсэн байгалийн хийн импортын 46 хувийг хангажээ.

Тэгвэл энэ зах зээлийг Туркменистан улс хангадаг болох төлөвтэй байна. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй утсаар ярихдаа эдийн засгийн олон салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.

 

Эх сурвалж: South China Morning Post