Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Казань хотын сургуульд гарсан зэвсэгт халдлагыг 19 настай төгсөгч нь үйлджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр ОХУ-ын Татарстаны Бүгд Найрамдах Улсын нийслэл Казань хотын 175 дугаар дунд сургуульд зэвсэгт халдлага гарсны улмаас есөн хүн алагдаж, олон хүн шархдсан билээ.

Амиа алдсан хүмүүсийн долоо нь сурагч, хоёр нь багш, сургуулийн ажилтан байжээ.

Аллагын сэжигтнээр тус сургуулийн төгсөгч 19 настай залууг баривчлаад байна.

Татарстаны ерөнхийлөгч Рустам Минниханов өнөөдөр буюу Лхагва гарагийг гашуудлын өдөр болгох шийдвэр гаргасан байна.

Сэжигтэн Ильназ Галявиев дунд сургуулиа төгсөөд Казаний нэг их сургуульд элссэн ч хичээлдээ суугаагүй шалтгаанаар хөөгдөж байжээ.

Галявиев өнгөрсөн долоо хоногт Телеграм үйлчилгээнд өөрийн сувагтай болж, бурхны нэрийн өмнөөс янз бүрийн үзэл онол ярьж эхэлсэн тухай гэрчүүд мэдээлсэн байна. Тэрбээр өөрийгөө бурханд өргөмжилж, дэлхий дээр ганц ч амьд амьтан байх ёсгүй, амьдрал бий болсон нь том алдаа байсан гэх зэргээр ярьж байжээ.

 

Аллагыг эхлэхээсээ өмнө Галявиев аль болох олон хүн алсны дараа амиа егүүтгэнэ гэж Телеграм сувгаараа мэдэгдсэн гэнэ.

Сургуулийнх нь багш нар түүнийг даруу төлөв, бусадтай хүндэтгэлтэй харьцдаг сурагч байсан гэжээ. Галявиевын аав хүүгээ “шашин шүтдэггүй, хэзээ ч элдэв гаж үзэл бодол илэрхийлж байгаагүй” гэж орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Татарстаны ерөнхийлөгч Рустам Минниханов аллага үйлдэгчийн галт зэвсэг албан ёсны бүртгэлтэй байсныг мэдэгджээ.

Өчигдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин галт зэвсгийн хяналтыг чангатгах даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгснийг мэдээлсэн байна.

 
 

 

Эх сурвалж: Russia Today