Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Айлын хашаанаас байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг олджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс

Багахангай дүүрэгт айлын хашаанаас олдсон байлдааны зориулалттай тэсрэх бөмбөгийг устгаж, аюулгүй болгожээ.

Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Багахангай дүүргийн хоёрдугаар хороонд айлын хашаанд байлдааны зориулалтай бөмбөг байна гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.

Уг мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтэс бөмбөгийг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг хангасан бөгөөд өнөөдөр буюу тавдугаар сарын 11-нд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй устгалын бүлэг айлын хашаанаас бөмбөгийг тээвэрлэн суурин газраас 5 километр орчим зайд аваачин аюулгүй болгосон байна.

Тус бөмбөг нь ФАБ-150 загварын байлдааны зориулалтай нисэх онгоцных бөгөөд хөнөөлийн радиус нь нэг километр буюу 2 дугаар хорооны хэсгийг бүрэн устгах чадвартай байсан гэж Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсээс мэдээлэв.

Иймд цаашид байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл болон байрлалын талаарх мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж өөрийн болон бусдын амь нас, аюулгүй байдлыг хангаж, сэрэмжтэй байхыг анхаарууллаа.