Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Долдугаар сарын 1-нээс НДШ хоёр хувиар нэмэх асуудлыг хойшлуулахыг ЗГ дэмжинэ гэсэн

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар өнөөдөр бизнес эрхлэгчидтэй уулзлаа. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан нийгмийн даатгалын шимтгэлийг энэ оны долдугаар сарын 1-нээс хоёр хувиар нэмэх асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Нийгмийн даатгалыг тэглэх, татварын өршөөл үзүүлэх зүйл рүү бид явахгүй. Энэ бол гашуун. Монгол Улс нэг удаа хийсэн. Дахиж ийм зүйл хийхгүй. Орлогоо олдог, татвараа авдаг тогтолцоо руу явна. Харин 2020, 2021 он дамжсан цар тахлын онцгой үеүдэд улс орнууд өөрсдийн дэмжлэгийг үзүүлж байгаа. Монгол Улс ч бас ингэж явсан. Өнгөрсөн онд 2.4, энэ онд 1.7 их наяд гээд төсөв өөртөө ахадсан ачаалал авч байна.

Нийгмийн даатгалын шимтгэл 2021 оны долдугаар сарын 1-нээс хоёр хувиар нэмэгдэх нь 2017 онд шийдэгдсэн асуудал. ОУВС, гадаад ертөнцийн өмнө бидний хүлээсэн үүрэг бий. Гэсэн хэдий ч 2020 онд энэ асуудал шийдэгдэх ёстой байсан, хойшлуулсан. Одоо дахин хойшлуулах асуудлыг ярьж байгаа. Үүнийг Засгийн газар дэмжинэ гэж өчигдөр Ерөнхий сайд хэлсэн" гэлээ.