Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсний дараа гэртээ очоод нас барсан тохиолдлыг яг вакцинаас болсон гэж тайлбарлаж болохгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох оролцож, мэдээлэл өглөө.

Энэ үеэр тэрбээр “Аливаа биологийн идэвхт бодисыг хэрэглэсний дараа илрэх гаж нөлөө гэж бий. Тэрхүү гаж нөлөө нь тухайн тариулах цаг хугацаанд болон түүнээс хойш 30 минутын дотор илэрдэг. Харин түүнээс хойш тохиолдож байгаа урвалыг шууд вакцинтай холбож тайлбарлахад хэцүү. Тиймээс ч вакцины цэгүүд дээр иргэдийг 30 минут хүлээлгийн танхимд ажиглаж байгаа.

Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан "вакцин тариулаад хүн нас барсан" гэсэн мэдээллийн хувьд заавал дараагийн шатны шинжилгээнүүд бүрэн гүйцэд хийгээд дараа л ярих ёстой юм. Магадлалын хувьд ч вакцин тариулсны дараах 30 минутад ямар нэг урвал илэрвэл холбож тайлбарлах боломжтой. Түүнээс биш вакцин тариулснаас 30 минутаас хойш гарсан урвалыг шууд вакцинтай холбож тайлбарлах магадлал бага гэдгийг дахин хэлье. Харин давхцал байхыг үгүйсгэхгүй.

Яг одоогийн байдлаар вакцины улмаас хүн нас барсан гэдгийг баталсан зүйл байхгүй. Үүнийг хянах систем буюу дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийг хянадаг эрдэмтдийн баг Эрүүл мэндийн яаманд ажилладаг.

Өнөөдрийг хүртэл вакцин тариулснаас хойших 30 минутын дотор нас барсан тохиолдол гараагүй. Харин вакцин тариулснаас тодорхой хугацааны дараа буюу вакцин тариулаад гэртээ очоод нас барсан тохиолдол бий. Гэхдээ тухайн хүнийг вакцин тариулснаас хойш 30 минутад дандаа ажиглалтад байж байгаад явсан байсан.

Тиймээс үүнийг шууд вакцинтай холбож тайлбарлахад эрт. Шүүх шинжилгээний хүрээлэнгээс уг асуудалд шинжилгээнүүд хийж байгаа" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/496155131568656