Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Цогт: МСҮТ төгсөөд үйлдвэрт гурван жил ажилласан бол их, дээд сургуульд эчнээгээр элсүүлдэг болмоор байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. 

Энэ үеэр бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлын талаар төлөөллүүдээс санал хэлэв. 

"МАК" ХКК-ийн дэд ерөнхийлөгч Г.Цогт "Зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтийг түшиглэн байгуулахаар шийдвэрлэх шиг боллоо. Дэд бүтцийн хувьд Бор-Өндөр Эрдэнэтээс дутахгүй. Хамгийн гол нь тэнд ажилчин ангийн хот тосгон хүмүүс бий болсон. Иймээс зэс хайлуулах үйлдвэрийн хувьд Бор-Өндөрийн байршил их чухал байсан шүү.

Өмнөговь, Дорноговийг хамарсан газрын тосны хайгуулын талбай бий. Энэ талбайнуудад төрөөс дэмжлэг хэрэгтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээг эргэж харахгүй бол болохгүй. Газрын тосны хайгуул хөрөнгө оруулалт өндөртэй, ярвигтай байдаг.

Мэргэжлийн боловсролын тухай хуулийг өөрчлөх нь чухал. Аймаг болгонд МСҮТ байдаг. МСҮТ төгсөөд үйлдвэр дээр доод тал нь гурван жил ажилласан, ажилчдыг их, дээд сургуульд эчнээгээр элсүүлдэг болгомоор байна. Дор хаяж, сургалтын төлбөрөө ажиллаж байхдаа олно. Ажлаа мэддэг болно. Инженер болж байгаа нөхөд сайн ажилчид болж чадахгүй байна.

МСҮТ төгссөн хүүхдүүдийн ирээдүй нь их бүрхэг байна. Ахиж дэвшинэ, ирээдүйд энэ үйлдвэрийг удирдана гэсэн хөшүүргийг бий болгох хэрэгтэй. Боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаармаар байна" гэсэн санал хэлэв.

Сангийн сайд Б.Жавхлан "МСҮТ-ийн асуудал дээр тантай санал нэг байна. МСҮТ уг нь бол захиалгаар мэргэжилтэн бэлдэх ёстой байтал халамжийн чиглэл рүү явсан.

Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд МСҮТ нийгмийн захиалгаар мэргэжилтэн бэлтгэдэг хандлага руу явна. Хуулийг БШУЯ боловсруулж байгаа" гэлээ.