Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Өдөрт илрэх тохиолдлын тоо буурч байгаа ч иргэд замбараагүй байвал халдварын том давлагаа гарах эрсдэлтэй"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд тус яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бид 28 хоног хөл хорио тогтоогоогүй бол өнөөдөр өдөрт 3,000-аас олон тохиолдол бүртгэгдэх байсан. Гэхдээ эрсдэл одоо ч бий.

Өнөөдрийн байдлаар ихэнх иргэд вакцины эхний тунгаа хийлгээд байгаа ч бүрэн тун авснаас 21 хоногийн дараа дархлаа тогтоно. Тиймээс вакцины дараах тайвшрал үүсэхээс болгоомжлох нь зүйтэй. Хэрвээ тайвшрал үүсвэл халдварын давлагаа дахин үүсэх эрсдэлийг бий болгох тул аль болох хоорондоо уулзахгүй, гэртээ хүн урихгүй байхыг хүсье.

Учир нь манай улс хэрэглэж байгаа вакцины хамгаалах чадварыг 80 хувь гэж тооцвол хүн амын үлдсэн 20 хувь буюу 400,000 хүн коронавирусийн халдвараар өвчлөх эрсдэл одоог хүртэл байна. Дээрээс нь хүүхдүүд хараахан вакцинд хамрагдаагүй байгааг анхаарах нь чухал.

Коронавирусийн халдвар бол энгийн томуу биш. Энэ вирус уушги, зүрх судас, бөөр, мэдрэлийн эд эсийг гэмтээдэг. Мөн нэг халдвартай хүн дор хаяж гурваас олон хүнд халдвар тарааж байна. Халдвартай нэг хүнтэй таваас дээш хүн ойрын хавьтал болсон бол тухайн кластер халдварын хаагдах хугацаа нь ч хол болно.

Тиймээс хүн бүрийг халдвартай байж болзошгүй гэж бодож сэрэмжлэх ёстой. Хэдийгээр одоо өдөрт илрэх тохиолдлын тоо буурч байгаа ч иргэд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхгүй, замбараагүй байвал өмнөхөөс ч илүү том давлагаа гарахыг үгүйсгэх аргагүй" хэмээн ярилаа.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/474423526966214

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.