Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Синофарм үйлдвэрийн Vero Cell вакцинаас 334,400 тунг нэмж авчирчээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт нийслэл хотод болон 21 аймагт үргэлжилж байна.

Хүн амаа дархлаажуулах зорилтын хүрээнд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Vero Cell вакциныг татан авч буй. Тус улсаас 2,634,400 тун вакцин аваад байгаагийн 300,000 тун нь хүмүүнлэгийн тусламж бол, арилжааны шугамаар 2,334,400 тунг хүлээн аваад байсан.

Өчигдөр 334,400 тунг нэмж, авчирчээ. Ингэснээр Vero Cell вакцины хэмжээ 2,968,800 боллоо.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 1,536,715, хоёр тунд 617,908 иргэн хамрагджээ.

ГХ-ны сайдын мэдээлснээр тавдугаар сард арилжааны шугамаар 1,665,600 тун Vero Cell вакциныг татан авахаар төлөвлөжээ.

Үүнээс:

  • Тавдугаар сарын 2-нд 316,800 
  • Тавдугаар сарын 4-нд 148,800 тун
  • Тавдугаар сарын 6-нд 334,400 тун
  • Тавдугаар сарын 9-нд 334,400 тун вакцин хүлээн аваад байна.

Vero Cell вакцины нэг ширхэгийг нь 15$-оор худалдаж авч буйг Сангийн сайд мэдээлж байсан. Уг вакцины нэгдүгээр тунг хийлгэснээс хойш 21-56 хоногийн хугацаанд хоёр дахь тунг хийлгэхийг ЭМЯ зөвлөж байгаа юм.

2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр ДЭМБ-аас БНХАУ-ын Sinopharm COVID-19 (SARS-CoV-2 Vaccine-Vero Cell) вакциныг яаралтай горимоор ашиглах вакцинуудын жагсаалтад бүртгэж, дэлхий нийтээр ашиглахад аюулгүй найдвартай гэж үзэж байгаагаа зарласан билээ.