Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Навальныйг анх эмчилсэн эмнэлгийн ерөнхий эмч сураггүй алга болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн эрүүл мэнд өнгөрсөн оны наймдугаар сард гэнэт муудаж, Омск хотын эмнэлэгт хүргэгдэж байсан билээ.

Түүнийг химийн зэвсэгт тооцогддог бодисоор хордуулсан гэх дүгнэлтийг сүүлд Германы мэргэжилтнүүд гаргасан юм.

Тэгвэл Навальныйг анх хүлээн авч эмчилж байсан Омск хотын нэгдүгээр эмнэлгийн ерөнхий эмч асан Александр Мураховский сураггүй алга болсон тухай Ням гарагт ТАСС агентлаг мэдээлжээ.

Мураховский нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард албан тушаал дэвшиж, Омск мужийн эрүүл мэндийн газрын захирал болсон юм.

Орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр Мураховский өнгөрсөн Баасан гарагт ойд ан хийхээр яваад бааздаа эргэж ирээгүй гэнэ. Эмчийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд үүнд онцгой байдлын ажилтнууд, цагдаагийн хүч, анчид, сайн дурынхан оролцож байгааг Ням гарагт ТАСС мэдээлжээ.

Мөн нисдэг тэрэг, дрон зэрэг техник хэрэгслийг ашиглаж байгаа гэнэ. Сүүлд Мураховскийн унаж явсан ATV (All-Terrain Vehicle) ангийн отгоос 6.5 км зайнд ойгоос олдсон байна.

Мураховскийг албан тушаал дэвшихэд Навальный “шинжилгээний хариуг дарга нарынхаа таалалд нийцүүлсний төлөө шагнууллаа” хэмээн шүүмжилж байжээ.

Энэ оны хоёрдугаар сард Навальныйг эмчилж байсан Омск хотын нэгдүгээр эмнэлгийн ерөнхий эмчийн орлогч Сергей Максимишин 55 насандаа гэнэт таалал төгссөн юм.

Ухаан ороoгүй байсан Навальныйг сүүлд Омскийн эмнэлгээс Германы нийслэл Берлин хотын эмнэлэг рүү шилжүүлж байв.

Омскийн эмнэлгийн гол эмч нарын нэг Рустам Агишев энэ оны гуравдугаар сард нас баржээ. 63 настай Агишев өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цус харвасны дараа бие нь сайжрилгүй байсаар нас барсан тухай албан ёсны мэдэгдэлд тайлбарлаж байв. Түүний хувьд Навальныйг эмчлэхэд шууд оролцож байсан тухай мэдээлэл одоогоор байхгүй байна.

 

Эх сурвалж: CNN