Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Мафийнханд алагдсан Италийн шүүгчийг гэгээнтэнд өргөмжлөх гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

1990 онд Сицил аралд мафийнхны гарт алагдсан Италийн шүүгч Розарио Ливатиног адислах ёслол Ням гарагт зохион байгуулагджээ.

Ингэснээр түүнийг Ромын Католик шашны гэгээнтэнд өргөмлөх ажлын сүүлчийн шат өндөрлөж байна.

Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдтэй тууштай тэмцэж байсан Ливатиног хурдны зам дээр машин жолоодож явахад нь Сицилийн мафийн алуурчид буудаж хөнөөсөн юм.

Хэдийгээр амь насанд нь олон удаа заналхийлсэн ч тэрбээр цагдаагийн хамгаалалт авахаас татгалзаж байжээ.

37 настай ч наснаасаа залуу харагддаг тул Ливатиног хүмүүс “шүүгч жаал” гэж нэрлэдэг байв.

1990-ээд оны үед Сицилийн мафийн бүлэглэлүүдийн хооронд ширүүн дайн өрнөж байжээ. Тухайн үед Ливатино тэдэнтэй холбоотой хэд хэдэн хэргийг шалгаж байсан юм.

Өчигдөр Сицилийн Агригенто цогчин дуганд болсон адислах ёслолд Ливатиногийн цустай цамцыг шилэн хоргонд шүтээн болгон залсан байжээ.

Өчигдөр Ватиканд үг хэлэхдээ Ромын пап лам Франциск талийгаач шүүгчийн үнэнч хичээл зүтгэл, зүрх зоригийг магтан сайшаасан байна.

Алагдсанаас нь хойш гурван жилийн дараа Сицилид зочлохдоо тухайн үеийн пап лам Йоан Павел талийгаач шүүгчийг “шударга ёсны төлөө тарчлагч” хэмээн өргөмжилж байжээ.

Ромын Католик сүм хийдийн тэргүүн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ливатиног гэгээнтэнд өргөмжлөхийг дэмжсэн юм.

Ингэхдээ талийгаач шүүгчийг бусад гэгээнтнүүдийн адил ид шид үзүүлэх шаардлагагүй гэж дүгнэжээ. Католик шашны уламжлалын дагуу ихэвчлэн өвчтэй хүнийг ер бусын аргаар эдгээж бурхантай холбогдсон гэдгээ батлан харуулсан хүнийг гэгээнтэнд өргөмжилдөг байна.

 

Эх сурвалж: Reuters