Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Синофарм үйлдвэрийн вакцинд ДЭМБ зөвшөөрөл олголоо

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Хятадын төрийн өмчит Синофарм компанид бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгожээ.

Ингэснээр ДЭМБ анх удаа өрнөдийн орнуудаас гадна хөгжүүлсэн вакцинд зөвшөөрөл олгож байна.

Синофармын вакцинаас өмнө Pfizer, AstraZeneca, Johnson & Johnson, Moderna вакцинуудад ДЭМБ зөвшөөрөл олгоод байсан юм.

Өнөөдөр дэлхийн ихэнх улс орон коронавирусийн эсрэг вакцины хомсдолтой байгаа энэ үед маш чухал шийдвэр гарч байна. Дэлхий дахинд вакцины тэгш хүрэлцээг хангах зорилготой хэрэгжиж буй COVAX хөтөлбөрт Синофармын вакцин нэмэгдсэнээр бага болон дунд орлоготой орнуудад нийлүүлэлт нэмэгдэж, дархлаажуулалтын үйл явц хурдсах боломжтой юм.

Синофармын вакциныг 18 ба түүнээс дээш насны хүмүүсийн дархлаажуулалтад ашиглахыг ДЭМБ зөвшөөрсөн байна. Одоо Хятадын өөр нэг вакцин болох Синовак, ОХУ-д бүтээсэн Спутник V вакцины үйлдвэрлэлийн стандарт, дархлаажуулах чадвар зэргийг судлах, үнэлэх ажлыг ДЭМБ гүйцэтгэж байгаа юм.

Синовакын вакцинд ирэх долоо хоногт зөвшөөрөл олгож магадгүй гэсэн мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд Синофарм үйлдвэрийн 65 сая тун вакциныг дархлаажуулалтад ашиглаад байгаа гэнэ.

ДЭМБ уг вакцины дархлаажуулах чадварыг 79 хувьтай гэж дүгнэсэн байна. Энэ нь Pfizer, Moderna зэрэг вакцинуудын 90-ээс дээш хувийн үзүүлэлтэд хүрэхгүй ч AstraZeneca вакцины 76 хувьтай ойролцоо түвшинд байгаа юм.

Үүнээс гадна Синофарм вакцин нь ердийн хөргөгчний буюу Цельсийн 2-8 хэмийн температурт хадгалах горимтой нь давуу тал болж байна.

Синофарм вакциныг уламжлалт технологиор бүтээсэн тул идэвхгүйжүүлсэн вирусийг хүний биед нэвтрүүлэх замаар дархлаа тогтоодог. Харин Pfizer, Moderna вакцинуудыг mRNA гэдэг шинэ технологиор бүтээжээ. Энэ нь коронавирусийн генетик кодыг хүний биед нэвтрүүлэх замаар дархлааны системийг идэвхжүүлдэг.

AstraZeneca нь шимпанзе мичнээс авсан ердийн ханиадны вирусийг өөрчилж, коронавирустэй ижил генетикийн материалтай болгох замаар вакцинаа бүтээжээ.

ДЭМБ-ын дэргэдэх хараат бус экспертүүдийн зөвлөл Синофармын вакцин 60-аас дээш насныхны биед сөрөг нөлөө үзүүлдэг эсэх талаар туршилтын дата хангалттай их биш байгааг өмнө нь тайландаа дурдаж байв.

Гэхдээ энэ нь зөвшөөрөл олгоход саад болохгүй, цаашид үргэлжлүүлэн судлах боломжтой гэж ДЭМБ үзжээ.

AstraZeneca вакцинд зөвшөөрөл олгоход мөн ийм асуудал яригдаж байсан ч сүүлд нэмэлт датагаар нөхөн баталгаажуулж байв.

 

Эх сурвалж: BBC