Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Нэг бол би АН-ын гишүүдтэй хамт өлсгөлөн зарлая. Үгүй бол та бүхэн манай танхимд орж ярилц

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар Төв талбайд өлсгөлөн зарлаад буй АН-ын гишүүдтэй очиж, уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хууль ёсыг бид дээдлэх ёстой. Үндэсний эв нэгдлээ сахин хамгаална гэж та бид бүгдээрээ тангараг өргөсөн. Нэг намын дарангуйлал гэж байхгүй. Ардчилсан нам дотроо учраа олох хэрэгтэй. Нам, улс төргүйгээр би та бүхэнтэй ярилцах гэж ирлээ. Нэг бол би энд суугаад та бүхэнтэй хамт өлсгөлөн зарлая. Үгүй бол та бүхэн манай танхимд орж ярилц" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Монголоо шударга болгоё гэхээр нь хоёргүй сэтгэлээр ажилласан. УИХ-ын даргын хувьд Г.Занданшатар та ажлын хэсэг байгуул. Бид ажлын хэсэгт орж ажиллаад, УИХ-аас байгуулсан төрийн байгууллага нь яаж хууль зөрчөөд байгааг нь тайлбарламаар байна. Шударга байя. Бүгдээрээ тойрч суугаад, УИХ-ын ажлын хэсэг аль нь зөв бэ гэдгийг шийдэх ёстой.

Төрийн байгууллагын хүн манай намыг хоёр болсныг яаж мэдэж байгаа юм бэ? Хуулийн чиглэлийн хүмүүсийг оролцуулж, ажлын хэсэг байгуулаад, алыг нь бүртгэх ёстой талаар хэлэлцэх хэрэгтэй.  Энэ нь Н.Алтанхуяг нэр дэвших үү үгүй юу гэдэг асуудал биш. Монголд байгаа хоёрхон нам нэг нь нөгөөгөө үгүй болгох зүйл хийж болохгүй. Г.Занданшатар дарга та гарын үсгээ зураад ажлын хэсэг байгуул. Бид оръё" гэв. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Өлсгөлөн зарлаад гурван өдөр болж байна. Бидний зориод байсан нийгэм өөр болсон. Ер нь сөрөг хүчнээ, хоёр бүлгийнх нь нэг нь ингээд байж байдаг орон байхгүй байх. Үгээ чөлөөтэй хэлэх эрхийг та УИХ дээр эдлүүлэхгүй байна. Та арай оройтож ирлээ" гэлээ. 

АН-ын дарга Д.Цогтгэрэл "Засгийн газрын харьяа байцаагчийн үйлдэл ийм байдал үүсгэсэн гэдгийг та нар мэдэж байгаа. Нам дотроо учраа ололц гэдэг нь тийм амар зүйл биш болоод байна" гэв.