Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор буюу 51%-аар өсжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны эхний дөрвөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.4 тэрбум ам.доллар болж 2020 оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор буюу 50.6 хувиар өссөн болохыг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа.

Тодруулбал, экспортын дүн импортын дүнгээс 535.4 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ. Экспортод 2.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 81.8 хувиар өссөн бөгөөд нийлүүлсэн барааны 98.8 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлсэн байна.

 

Экспорт, импортын барааны гүйцэтгэлээс харвал: 

  • Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 2.1 тэрбум ам.доллар буюу 87.5 хувь
  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 69.1 сая ам. доллар буюу 2.8 хувь
  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 52.4 сая ам.доллар буюу 2.1 хувь
  • Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 36 сая ам.доллар буюу 1.4 хувь
  • Нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 65.8 сая ам.доллар буюу 2.6 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.4 хувийг эзэлж буй юм. 

Манай улс дэлхийн 48 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 92.5%, БНСУ-д 2.3%, Сингапур улсад 2% тус тус ногдож нийт экспортын 96.9%-ийг дээрх орнууд эзэлснийг мөн мэдээллээ. 

Түүнчлэн импортоор нийт 1.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2020 оны мөн үеэс 374.9 сая ам.доллароор буюу 23.6%-аар өсжээ. 

Импортоор нийлүүлэгдсэн барааг ангилан харвал: 

  • 96.8 хувийг валютын төлбөртэй худалдаа,
  • 0.5 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа,
  • 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа,
  • 1.5 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 18.5 сая ам.долларын бараа импортлолжээ. Тус барааг гарал үүслийн орноор авч үзэхэд АНУ-д 45.4 хувь, БНХАУ-д 37.7 хувь, Японд 8.1 хувь тус тус ногдож байгаа аж. 

Үндсэндээ нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж ирсэн бөгөөд уг зээлийн 15.5 хувийг БНХАУ-аас, 10.9 хувийг Беларусиас, 21 хувийг Австриас, 25.4 хувийг Японоос тус тус олгосон байна.

Ийнхүү тайланд хугацаанд нийт 29.5 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгджээ.