Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаашаас ресторан, сүлжээ хоолны газруудыг захиалгат хүргэлтийн хоолоор үйлчлэхийг зөвшөөрнө

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хориог сулруулж, маргаашаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих гэж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед нийслэлд нийтийн тээврийн болон автомашины хөдөлгөөний хязгаарлалтгүй болж, ААН-үүдийн 80% орчим нь үйл ажиллагаагаа нээхээр болж буйг УОК-оос зарласан. Энэ дагуу 18 чиглэлийн байгууллагаас бусад нь ажиллаж эхлэх юм.

Дараах зохицуулалтуудыг сануулах зорилгоор танилцуулж байна.

Энэ удаад коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгээд 14 хоносон/дархлаа тогтсон гэж үзэж буй/ иргэдэд зарим үйлчилгээг нээлттэй болгож байгаа. E-Mongolia системд бүртгүүлсэн мэдээллээр тухайн иргэнийг вакцинд бүрэн хамрагдсаныг баталгаажуулна. 

Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгээд 14 хоног болсон иргэдэд үйлчлэх салбарууд

  • Тавдугаар сарын 8-наас үсчин, гоо сайхны газрууд үйлчилнэ.
  • Тавдугаар сарын 15-наас фитнес, бассейн, йогийн төвүүд нээлттэй болно.
  • Тавдугаар сарын 22-ноос хөдөө, орон нутаг руу PCR шаардахгүй болон хязгаарлалтгүй явна.

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар буюу ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлана. Зөвхөн захиалгат хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед үйл ажиллагааг нь хязгаарлах салбарууд

  • Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  • Бүх төрлийн баар
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Хүнсний биш барааны зах, худалдааны төв (Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 18 дугаар тушаалаар баталсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө.)
  • Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
  • Сургалтын төв
  • Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  • Алжаал тайлах төв
  • Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
  • Саун, бассейн, нийтийн халуун ус
  • Зочид буудал, дэн буудал
  • Амралт, жуулчны газар 
  • Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
  • Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ
  • Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
  • Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб.

Тавдугаар сарын 22-ноос том захуудыг нээхээр төлөвлөсөн байгааг мэдээлэлдээ дурдсан.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалт

  • Агаарын хилийг тавдугаар сарын 31-нийг хүртэл нээхгүй.
  • Тавдугаар сарын 22-ныг хүртэл хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн хаалттай хэвээр байна. 
  • Олон улсын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийг хязгаарлахгүй.
  • Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу үйлчилнэ. Халдвар хамгааллын дэглэмийг баримтална.
  • Автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Гэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашин замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийнэ. Одоогоор захирамж гараагүй байна.
  • Хот хоорондын ачаа тээвэр хэвийн үргэлжилнэ.

Харин хүнсний дэлгүүр, супермаркет зэрэг үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах Хотын даргын захирамж одоогоор гараагүй байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед үйлчилгээний байгууллагууд 07:00-19:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм.