Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 2024 он хүртэл олгоно

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад хандан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын хэрэгжилтийн өнөөгийн байдал ба цаашид 8 хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулах боломж, нөхцөлийн талаар” тавьсан асуулгын хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлжээ. 

Асуулгын хариуд бичсэнээр, ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 363.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,972 зээлдэгчид олгожээ. Харин найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдсан 66.5 мянган зээлдэгчийн 3.26 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй зээлийн гэрээг өөрчилж, зургаан хувийн хүүтэй болгох зөрүүнд 353.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс шийдвэрлэх шаардлагатай аж. 

Цар тахлын хүнд үед ийм хэмжээний ачааллыг улсын төсвөөс хариуцах, дахин санхүүжүүлэх нь цаг хугацааны хувьд оновчгүй гэж үзжээ. 

Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг цаашид хэрэгжүүлэхэд эдийн засгийн боломж ямар байгаа талаар "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний 2.3-т ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд нийт хоёр их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэрийг 2021-2024 онуудад шийдвэрлэхээр заасан.

Монголбанкны өмчлөлийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын ирээдүйд орж ирэх буюу жил бүр 350-450 тэрбум төгрөгийн эргэн төлөлт болон арилжааны банкуудын эх үүсвэрээр ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна" хэмээн асуулгын хариуд дурдсан байна.

Ингэснээр жилд 600-700 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх бөгөөд нийт санхүүжилтийн 30 хувиас багагүй хэмжээг орон нутгуудад олгох юм байна. 

АСУУЛГЫН ХАРИУ: