Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнхцэцэг: Одоогоор жирэмсэн болон амаржсан 119 эх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хоёр нярайд халдвар илэрсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагаар COVID-19 халдвар ба жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн тусламж сэдвээр АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Жирэмсэн эмэгтэйчүүд нь коронавируст халдвараар хүндрэх эрсдэлтэй бүлэгт орж байгаа. Учир нь жирэмслэлтийн 10 сарын хугацаанд бүхий л эрхтэн тогтолцоонд өөрчлөлт ордог. Хамгийн их өөрчлөгддөг нь амьсгал, зүрх судасны эрхтэн тогтолцоо. Эхийн хэвлийд ураг өсөж бойжоод, томрох тусам жирэмсэн эмэгтэйчүүдийн амьсгал өнгөц болж, хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэх бөгөөд цусны эргэлтийн хэмжээнд 1.5-2 литр болж ихэсдэг тул зүрх ихээхэн ачаалалтай болдог. 

Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүдэд физиологийн цус багадалт үүснэ. Мөн ургийг хэвийн бойжуулахын тулд жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлаа их унадаг тул вирусийн халдвар эхийн биед орох нь ихээхэн эрсдэлтэй юм. 

Халдвар авах эрсдэл нь нийт хүн амтай ижил хэмжээнд боловч, хүндрэх эрсдэл нь энгийн хүмүүсээс өндөр юм. Үүнтэй холбоотойгоор олон улсад судалгаа, шинжилгээний ажлууд хийгдсээр байгаа. 

Эрүүл мэнд, шинжлэх ухааны "Лансет" сэтгүүлд 2021 оны гуравдугаар сард гарсан мэдээллээ цар тахлын өмнө эхийн эндэгдэл 168,200 болсон бол цар тахлын үед 198,993 болж нэмэгджээ. Мөн төрсний дараах хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал амаржсан эхчүүдийн 80 хувьд илэрдэг байсан бол жирэмсэн үед ч сэтгэл гутрал илэрч байгаа юм. Энэ нь цаашид төрсний дараах сэтгэл түгшилд хүргэх магадлалтай тул анхаарах нь зүйтэй байна" гэлээ. 

"Хэвтэн эмчлүүлсэн жирэмсэн болон амаржсан 98 эхийг судлахад 50 хувь нь уушгины хатгалгаатай байна. Энэ бол хүндэрсэн хэлбэр"

Монгол Улсын хэмжээнд жирэмсэн эх болон амаржсан эхэд халдвар илэрсэн 200 орчим тохиолдол гарсныг тэрбээр мөн мэдээлэв.

Доктор Д.Мөнхцэцэг "Хэвтэн эмчлүүлсэн жирэмсэн болон амаржсан 98 эхийг судлахад 50 хувь нь уушгины хатгалгаатай байна. Энэ бол хүндэрсэн хэлбэр. Одоогоор хоёр нярайд халдвар илэрсэн. 

Өнөөдрийн байдлаар жирэмсэн болон амаржсан 119 эх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүдэд COVID-19 хурдацтай тархаж байгаагаас гадна COVID-19-тэй холбоотой эхийн эндэгдэл ч гарлаа. Иймд онцгой анхаарал тавих шаардлагатай байна.

Улсын хэмжээнд жилд 75-80 мянган эх амарждаг. Одоогоор 25 мянган эх амаржаад байна. Энэ бүх хүн эрсдэлтэй бүлэгт хамаарч байгаа. Үүний зэрэгцээ жирэмсэн эхчүүдийн дунд таргалалт их байгаагаас гадна артерын даралт ихсэх, ахимаг насандаа төрөх, чихрийн шижинтэй байгаа зэрэг нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа" гэв.

Жирэмсэн эхчүүд болон ар гэрийнхэнд нь өгөх зөвлөгөө:

  • Халдвар хамгааллын дэглэмээ баримтлах
  • Гэр бүл, хамаатан садан нь жирэмсэн эмэгтэйд тавих анхаарал халамжаа дээшлүүлэх
  • Зөв хооллох
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах
  • Эмнэлэгт очих тоог цөөлөх
  • Гэрээр өөрийгөө хянах хяналтаа сайжруулах
  • Төрсний дараа нярайд халдвар дамжих эрсдэлээс сэргийлэх
  • Амин дэм хэрэглэх
 
Эх сурвалж: ЭМЯ

ВИДЕО: 

https://fb.watch/5kr_mw3OWN/